Онгоц техникийн асуудлаас болж сүйрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 04
Онгоц техникийн асуудлаас болж сүйрчээ
  27 мин
 

Египетийн Синайн хойгт сүйрсэн Оросын “Airbus A321” онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Ослын газар ажиллаж буй хоёр улсын шинжээчдийн мэдээлснээр “онгоц техникийн асуудлаас болж сүйрсэн” гэв.  “Энэхүү мэдээллийг эд мөрийн баримт болон хиймэл дагуулын зураг баталж байна” хэмээн Оросын шинжээчдийн бүрэлдэхүүнд багтаж буй техникийн мэргэжилтэн өгүүлсэн байна.

Египетийн Засгийн газрын төлөөлөгч Хуссам аль Кувейш “Хэт даврагчид онгоц сүйрүүлээгүй. Учир нь Орос болон Америкийн хиймэл дагуулууд онгоц осолдоход гадны биет нөлөөлөөгүй гэдгийг нотолсон. Ослын шалтгаан нь техникийн асуудал” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн маргаашнаас ослын газар ажиллаж буй Египет шинжээчдийн тоог багасгаж буйгаа мэдэгджээ.

Санкт Петербург хотноо зорчигчдын цогцост задлан хийсэн мэргэжилтнүүд “Цогцоснуудаас пуужингийн ул мөр олдоогүй” гэсэн байна. Зорчигчдын цогцос ирсэнтэй холбогдуулан тус улс өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарлаж, олон нийтийг хамарсан урлаг, спортын тоглолт зохион байгуулахыг хоригложээ.

 

Онгоц техникийн асуудлаас болж сүйрсэн нь бүрэн тогтоогдвол “Airbus A321”-ийн эзэмшигч “Когалымавиа” компанийн удирдлагууд асуудалд орох юм. Ослын өдөр ахмад онгоцонд техникийн асуудал үүссэн тухайгаа станцдаа мэдэгдсэнийг хар хайрцагны бичлэг баталжээ.

эх сурвалж: shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top