ОХУ-ын 224 хүнтэй “Airbus A321” онгоц /X.31/ Египетийн Синайн хойгт сүйрсэн ослын шалтгаан бараг тодорхой болж ирлээ. Онгоц агаарт дэлбэрсэн шалтгаан тэсрэх бөмбөгнөөс болсон гэдэгт албаныхан 90 хувь итгэлтэй байна. Онгоцны хоёр хар хайрцгийн нэг нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт бичигдсэн сүйрлийн өмнөх чимээ шуугианыг тэсрэх бөмбөгтэй холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн Египетийн Шарм эль-Шейхийн нисэх буудлын хамгаалалт сул байсныг албаныхны мөрдөн шалгалтаар тодруулжээ. Тухайлбал, нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэг дэх зорчигчдын ачаа, барааг шалгах сканер ажиллахгүй, гаалийн ажилчид хахууль авдаг гэх зэрэг зөрчил илрүүлжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр, Египетийн гаалийн ажилчид зорчигчдоос 10 еврог авч ачаа, барааг нь шалгахгүй, саадгүй нэвтрүүлж байсан гэнэ.
Хэрэв онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсэн нь нотлогдвол хариуцлагыг шууд “Исламын улс” бүлэглэлд хүлээлгэх юм. “Исламын улс” бүлэглэлийн Египет дэх зэвсэгт дайчид өмнө нь ч Оросын онгоцыг Сири дэх агаарын цохилтын хариуд сөнөөснөө мэдэгдэж байсан билээ. Энэ нь аль-Каида зэвсэгт бүлэглэл 2001 онд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг сүйрүүлснээс хойш болсон хамгийн том террорист ажиллагаанд тооцогдох аж. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас Сирийн нутаг дахь террористуудын байрлалд агаарын цохилт өгч эхэлсэн билээ.
Одоогоор олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийнхан онгоцны хоёр хар хайрцгийг шинжилж ослын шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Олон улсын хамтарсан багт Египет, ОХУ-ын шинжээчид, “Airbus” компанийн Франц, Герман мэргэжилтнүүд, Ирландын төлөөлөгчдийн хамт ажиллаж байна.
эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл ( 1 )
Хээл хахууль нүүрлэсэн газарт хүн биш хүн-хархууд бүхнийг хууран мэхэлж байна. Үнэндээ бол хүн төрлөхтний эсрэг гэмт хэргийг тэд л түгээн дэлгэрүүлж буй юм.