“Аlibaba” компани 1.7 сая хүргэлтийн ажилтан ажиллуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 11 сарын 13

БНХАУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ныг "Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээн тэмдэглэдэг байна. Мөн уг өдрийг “Дэлхийн онлайн худалдааны хамгийн том хямдралын өдөр” болгохоор “Alibaba” компани санаачилсан байна. Ийнхүү цахим худалдааны хямдрал зарласнаар олон төрлийн худалдаа борлуулалтын дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Тус компаний эхний нэг цагийн дотор дөрвөн тэрбум ам.доллараас давсан борлуулалт хийсэн талаараа “тwitter” хуудастаа жиргэж байлаа. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн тэр нэг цагийн хугацаанд 130 сая хүн онлайн худалдааны “Taobao” аппликейшнээр зочилсон байна. Мөн гар утсаар хийсэн худалдан авалтын тоо 27 саяд хүрчээ. Мэдээж онлайн худалдаа нь захиалсан барааг шуурхай хүргэдэг байх дээр тогтдог. Тэгвэл энэ жилийн үйл ажиллагаанд зориулж “Аlibaba” компани 1.7 сая хүргэлтийн ажилтан, 400 мянган автомашин, 200 онгоц бэлтгэсэн байна.

Түүнчлэн 25 орны 30 мянган брэндийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа ажээ. Олон улсын шинжээчид “Alibaba” компани энэ жилийн хямдралаар дунджаар 12-13 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж таамаглаж байгаа аж. Энэ дашрамд сонирхуулахад 2014 онд “Alibaba” компани арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хямдралаар 9.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж дээд амжилт тогтоож байжээ. Үүнийг АНУ-ын онлайн хямдралын өдөр болох Кибер даваа гарагийн борлуулалттай харьцуулахад зургаа дахин өндөр дүн болж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top