Парис хотноо болсон цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тус бүлэглэл Францыг цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол Парис хотноо дахин цуврал халдлага үйлдэж, олон хүний аминд хүрэхээ уламжилсан юм. Ерөнхийлөгч Франсуа Олланд харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ амийг нэхэж өчигдөр сөнөөгч онгоцуудаа Ойрхи Дорнод руу илгээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Францын сөнөөгчид хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Олланд хэт даврагчдыг бууж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа цуцлахгүй болохоо сануулж, Парис хотын хамгаалалтыг сайжруулахыг үүрэгджээ. Тэрбээр “Хэт даврагчид дайныг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.
Сөнөөгчид Сирийн Ракка хотноо 30 гаруй удаа цохилт өгч, хэд хэдэн хуаранг устгасан талаар “www.slate.com” мэдээллээ. Долоон газар болсон халдлагын үеэр 129 иргэн амиа алдаад байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй, бууны шарх авсан 60 орчим иргэний биеийн байдал тааруу байгааг албаныхан мэдэгдэв.
Хэт даврагчид Францаас гадна АНУ, ОХУ-ыг заналхийлээд байгаа юм. Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол нийслэл хотод нь халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл ( 0 )