Синайн хойгт осолдсон Оросын онгоцны буруутан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болохыг тогтоосон билээ. Хэт даврагчид онгоц хөөрөхөөс өмнө хөдөлгүүрийн хэсэгт нэг кг тэсрэх бөмбөг байршуулж, дараа нь дэлбэлсэн хэмээн Оросын Аюулгүй зөвлөлөөс Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн юм. Путин 224 иргэний аминд хүрч, Оросыг уй гашууд автуулсан хэт даврагчдыг дэлхийн хаана ч нуугдсан олж, устгахаа мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Сири улсад цохилт өгч буй оросууд цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, хэт даврагчдын нуугдаж байх боломжтой газруудыг бөмбөгдөж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оросын сөнөөгчид хоёрхон өдрийн дотор Сирид 126 удаа агаараас цохилт өгсөн талаар Батлан хамгаалах яамнаас уламжилжээ. Сөнөөгчид хэт даврагчдын эзэмшлийн 100 объектийг устгасан байна.
Орос болон Францын цэргийн ажиллагаа эрчимжиж эхэлсний дараа Сирид амьдарч буй энгийн иргэд хохирогч болох нь ихэссэн хэмээн НҮБ-аас мэдээллээ. “Сири улсад хэт даврагчдаас өөр хүн оршин тогтнох боломжгүй болсон” хэмээн Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдэгдэв.
Оросууд Сирийн Ракка хотноо цохилт өгөх нь ихэссэн байна. Олон улсын эвсэл болон Орос улс хэт даврагчдын хөрөнгийн их үүсвэр болох газрын тосны ордуудыг устгахад голлох анхаарлаа хандуулж байна. Хэт даврагчид өнгөрсөн онд газрын тосны борлуулалтаас 320 сая ам.долларын ашиг олжээ.
shuud.mn
Сэтгэгдэл ( 0 )