Америкт “Хар Баасан гараг” гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг ба Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл юм. Талархлын баярын өдөр нь жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэхь Пүрэв гараг байдаг.
Харин “Хар” гэх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарласан байдаг аж.
Эхнийх нь тайлбараар, хуучин цагт худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас эхлээд Зул сарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо олдог байжээ.
Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн үр дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “хар Баасан гараг” гэх болсон байна.
Хоёр дахь тайлбарт дурдсанаар бол энэ Баасан гарагт худалдаа наймаа нэмэгдэж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгддэг байсан тул энэ үеэр ажиллаж байгаа дэлгүүрийн ажилчдад хүнд буюу хар өдөр болдог байсантай холбоотой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )