Францад 91 настай эмгэн 30 жилийн турш дипломын ажлаа бичсэний эцэст саяхан амжилттай хамгаалж, докторын зэрэг хүртжээ. Ингэснээр тэрбээр хамгийн өндөр насандаа докторын зэрэг хүртсэн эмэгтэй болж дэлхийн түүхэнд бичигдэж байна. Колетте Боурлиэр Францын зүүн этгээдийн Безансон хотын Франче-Комте их сургуульд суралцсан бөгөөд энэ сарын 15-ны өдөр докторын дипломын ажлаа амжилтай хамгаалж чаджээ.
Тэрбээр “Онц” гэсэн дүнтэйгээр зэргээ хамгаалсан байна. Колетте Боурлиэр дипломын ажлаа хийхдээ 30 жилийн хугацааг зарцуулсан гэдэг. Харин яагаад ингэж удах болсон шалтгаанаа “Амраад хааяа бичиж байсан болохоор хугацаа жаахан зарцуулчихсан” гэж тайлбарлажээ.
Түүний докторын зэргийн дипломын ажлын сэдэв нь “20 дугаар зууны хагас дахь Безансоны цагаач ажилчид” гэнэ. Тэрбээр хотод багшаар ажиллаж байхдаа гадаадын цагаач ажилчдад бичиг үсэг зааж байжээ. Тиймээс өөрийн туршлагадаа үндэслэн энэхүү сэдвийг сонгон авч, хагас жарныг туулсны эцэст дуусган амжилттай хамгаалсан байна. Колетте Боурлиэр хамгийн анх 1983 онд тэтгэвэртээ гарах үедээ докторын зэрэг хамгаалахаар шийдсэн аж.
Ер нь Францад дурын докторын зэрэг горилогч гурван жилд багтаан дипломынхоо ажлыг бичиж дуусгадаг байна. Харин амьдралынхаа ЗО жилийг диплом бичихэд зарцуулж, 91 насандаа хамгаалсан энэ эмэгтэй нэлээд хэнэггүй оюутан байсныг сургуулийнх нь захирал онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )