БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан Өршөөлийн сарыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан талаар Koreatimes мэдээлжээ.
Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд ирэх сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуустал, таван сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.
Харин энэ хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах аж. Энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.
Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш нэмэгдэж, 2014 оны байдлаар 214.000 болжээ.
Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна.
Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )