Дэлхийн хамгийн залуу "ам.долларын тэрбумтнууд" Энэтхэгийн технологийн компаниас төрлөө. Ах дүү Дивянк Туракиа болон Бавин Туракиа нар 16, 18 настай байхдаа буюу 1998 онд ааваасаа 372 ам.доллар зээлж, интернэтийн эрин үеийн эхэнд домэйн нэр худалдах компаниа байгуулж байсан байна. Тэдний үүсгэн байгуулсан “Directi” компани одоо 1.4 тэрбум ам.долларын үнэ бүхий компани болжээ. Өнгөрсөн ням гарагт Дивянк Туракиа болон Бавин Туракиа нар өөрсдийн охин компани болох маркетеруудад зориулан бүтээгдэхүүн хөгжүүлдэг "Media.net"-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад 900 сая ам.доллараар зарсан байна. Энэ нь зар сурталчилгааны салбарын хэлцлүүд дундаас үнийн дүнгээрээ гуравдугаарт бичигдэж байгаа аж. Өнгөрсөн онд дэлхийн ам.долларын тэрбумтнуудын тоо 6.4 хувиар буюу 149-өөр нэмэгдэж байсан байна. Шинээр төрсөн тэрбумтнуудын ихэнх нь Ази тивээс төрсөн байдаг бөгөөд 2015 онд л гэхэд 46 ази хүн ам.долларын тэрбумтнуудын жагсаалтад нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )