АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн болж байна. Есдүгээр сарын 27-нд болсон анхны мэтгэлцээнээр нэр дэвшигчид худалдаа эдийн засаг, арьс өнгөний үзэл болон гадаад бодлогын асуудлуудаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын 2005 онд хийгдсэн эмэгтэйчүүдийн талаарх зүй бус яриа хэллэгтэй бичлэг баасан гарагт олонд ил болж, нэр дэвшигч олны шүүмжлэлд өртөөд байгаа нь гол анхаарал татаж байна. Түүний дэд Ерөнхийлөгчөөр сонгогдохоор нэр дэвшээд байгаа Майк Пенс хүртэл Дональд Трампын зүй бус үг хэллэгийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн юм. Тиймээс хоёр дахь удаагийн халз мэтгэлцээний гол сэдэв нь Дональд Трамп ямар байр суурьтай байх, бичлэгийн талаар юу гэж хэлэх вэ гэсэн хүлээлттэй байна. “CNN”-ийн мэдээлж байгаагаар энэ удаагийн мэтгэлцээнийг эхний мэтгэлцээнээс олон хүн үзэх төлөвтэй гэж үзэж байгаа юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны хувьд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ хувийн и-мэйлээ ашигласан, кампанит ажилдаа “Wall Street”-ээс санхүүжилт авсан зэрэг асуудал нь эхний мэтгэлцээний үеэр хөндөгдөөгүй бөгөөд энэ удаагийн мэтгэлцээнээр дээрх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны хүчирхийллийн хохирогч гэгддэг эмэгтэйчүүдтэй мэтгэлцээний өмнө уулзалт зохион байгуулж ярилцсан бөгөөд тиймээс Хиллари Клинтоноос энэ талаар асууж магадгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )