Тайландад зөвхөн эр хүн хаан ширээг залгамжилна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Тайландын хаан Пумипон Адульятетын таалал төгссөнтэй холбоотойгоор вант улсын ирээдүйн хаан ширээг залгамжлагчийн асуудал гарч ирж байна. 

Эзэн хаан Пумипон Адульятет бол тус оронд ер бусын өндөр нэр хүндтэй, бүх тайчуудыг эвлэлдэн нэгдүүлсэн, үндэсний хэмжээний “эцэг” байсан билээ хэмээн The New York Times-д бичжээ.

Харин хаан ширээг залгамжлагч ханхүү Маха Ватчиралонгкон ард олны дунд төдийлөн их нэр хүнд сайн биш бололтой. 63 настай хунтайж хөнгөмсөг маягийн амьдралын хэв маягт дуртай бөгөөд плейбой байдлаар аж төрдөг аж. 

Тэрээр гурван удаа гэрлэсэн бөгөөд одоогоор эхнэргүй, сүүлийн жилүүдэд ихэвчлэн гадаад оронд амьдарч байгаа юм байна. Түүний сүүлчийн эхнэрийн эцэг эх хааны гэр бүлийг гутаан доромжилсон хэргээр баривчлагдан шуугиан тарьж байжээ. 

Тайландад одоо үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, тус улсын ихэнх ард иргэд талийгаач хааны охин Маха Чакри Сириндхорныг хаан ширээг залгамжлаасай гэж ихээр хүсч байгаа гэнэ. Учир нь, хааны гүнж бүсгүй ядуусыг дэмжин, хүмүүнлэгийн үйлс ихээр хийдэг аж. 

Гэвч ард түмний энэхүү хүсэл биелэх боломжгүй бололтой. Тус улсын Үндсэн хуулийн дагуу хаан ширээг зөвхөн эр хүн залгамжлана. Тэгээд ч талийгаач хаан Ватчиралонгконыг өөрийн залгамжлагч хэмээн албан ёсоор зарласан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top