Гэнэт яагаад ийм олон Трампыг буруутгагчид гарч ирэв?
Олон жилийн өмнө болоод өнгөрсөн Доналд Трамптай холбоотой хэргийг яагаад ийм олон эмэгтэй нэгэн зэрэг сөхөх болов?
Бэлгийн зохисгүй үйлдэл гаргасан хэмээн эдгээр бүсгүйчүүд Бүгд Найрамдах намын нэр дэвшигчийг буруутгаад байгаа юм.
Трампын орлогч А.Ж.Дэлгадо үүнийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэрвээ ийм зүйл үнэхээр болж өнгөрсөн нь үнэн бол цаг тухайд нь илчилж болох байсан гэсэн байна.
Харин Трамп өөрөө “People сэтгүүлийн сурвалжлагч 12 жилийн өмнө яагаад энэ түүхээ хав дарсан юм бэ? Тэгэхээр ийм явдал болоогүй гэсэн үг” хэмээн жиргэжээ.
Ингээд хохирогч болсон хэмээн мэдэгдээд буй бүсгүйчүүд хэрхэн Трамптай холбогдсоныг дор сийрүүлэв.
Жессика Лийдс 1980-аад онд онгоцонд явах үед Трамп хоёр суудлын хоорондох тохойвчийг өргөөд хөхийг нь базаж, хормой руу нь гараа шургуулахыг оролдсон гэжээ.
Харин Рэчел Крүүкс 2005 онд Трампын цамхагт хамт лифт хүлээх зуур тэр хүчээр үнсэж аманд нь хэлээ хийсэн гэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Palm Beach Post-д 2005 онд хатагтай Минди МкЖилливрэй Трампын Мар-А-Лаго клубт зурагчнаар ажиллаж байхад тэрээр өгзгийг нь базсан хэмээн нийтэлжээ.
Хэдхэн цагийн дараа, People сэтгүүлийн сэтгүүлч Наташа Стойнофын постоос харвал тэрээр Трамп болон эхнэр Мелани нарын хуримын ойн баярыг сурвалжлахаар очжээ. Гэтэл Трамп түүнийг хана руу шахаж хүчээр үнссэн гэнэ.
Харин эцэст нь миссийн тэмцээнд Лос Анжелесаас оролцогч Таша Диксон хувцас солих өрөөнд бикинигээ өмсөх үед нь Трамп тэнд “зугаалж” байжээ.
Тэнд хувцас хунараа солих цаг хүрэлцэхгүй байсан болохоор зарим охид цээжээрээ нүцгэн, зарим нь бүр шалдан байсан гэж тэрээр ярьжээ.
Цагдаагийн байгууллагаас “Сексийн дарамтанд өртсөн хохирогчдын 70 орчим хувь нь дайралтанд өртсөнөө өдөр, сар, долоо хоног, сар, эсвэл жилийн дараа хэлдэг. Харин олонх нь дотны найздаа яриад өнгөрдөг учраас ийм хэрэг илэрдэггүй” гэсэн тайлбарыг өгөөд байгаа аж.
Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )