Тайландын олон иргэд өөрийн арьсан дээр талийгаач хаан Пхумипон Адульядетын хөрөг болон түүний үхэлтэй холбогдуулан эмгэнэсэн сэтгэлийн үгсийг ихээр шивүүлж байна хэмээн The Bangkok Post-д мэдээлжээ.
Зарим шивээс хийдэг мастерууд хаанд зориулсан шивээсийг гурав хоногийн турш үнэ төлбөргүй хийх тухайгаа зарласан аж. Энэхүү санал нь олны дунд асар их эрэлтийг үүсгэн, өдөрт 50 хүнээр хязгаарлах журмыг тухайн гоо сайхны салоны захиргаа гаргахад хүрсэн байна.
Хааны хөрөг, Тайланд улсын далбаа, тус улсын газрын зураг болон бусад үндэсний билэг тэмдгүүдийг хүмүүс ихээр шивүүлж байгаагаас гадна “Би IX Рама хааныг төрийн эрхэнд байхад мэндэлсэн” гэх бичиг ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа аж.
Дашрамд дурдахад, Тайланд улсыг 70 жил захиран удирдсан хаан энэ сарын 13-нд таалал төгссөн бөгөөд олон тайчууд түүнээс өөр хааныг мэдэхгүй байх нь аргагүй юм. Рама IX хаан үндэсний эцэг хэмээн тооцогддог байсан бөгөөд түүний таалал төгссөн явдал тус орны оршин суугчдын хувьд маш хүнд гарз хохирол болсон гэхэд хилсдэхгүй. Их хаантны таалал төгссөнтэй холбоотойгоор тус улсад нэг жилийн гашуудал зарлагдаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )