Мухаммед Мурси давж заалдах боломжгүйгээр 20 жил хоригдоно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсид өгсөн ялын шийдвэрийг тус улсын дээд шүүхээр эцэслэн баталжээ. Түүнд дахин давж заалдах боломж үлдээгүй аж. Өмнө нь түүнд дөрвөн өөр хэрэгт буруутган цаазын ял оноож байжээ. Мөн түүний “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүлэгчдэд 20 жил шоронд хорих ялыг оноосон байна. Тэд жагсагчдыг хулгайлан тамлан зовоож хөнөөсөн хэрэгт буруутгажээ.

Египетийн анхны чөлөөт сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсиг 2013 онд эсэргүүцсэн жагсаалд цэргийнхэн оролцож төрийн эргэлт хийснээр суудлаас нь буулгаж байсан юм. Үүнээс хойш Египетийн цэргийнхэн Мурсиг дэмжсэн олон зуун хүнийг баривчлан ял шийтгэж “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг террорист байгууллага хэмээн зарласан. Мухаммед Мурсиг Египетийн ерөнхийлөгч болсноос жилийн дараа нийслэл Каирийн төв талбайд олон мянган хүн цугларч түүнийг огцрохыг шаардаж байжээ.

Жагсагчид ерөнхийлөгч эдийн засаг ба аюулгүй байдлыг шийдвэрлэж чадахгүйн дээр эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэнээр эсэргүүцэн жагссан юм.

Харин нүүрээ нуусан багтай хүмүүс жагсаалын үеэр гал нээсний улмаас 253 хүн гэмтэж бэртсэн. Гал нээх тушаалыг Мухаммед Мурси өгсөн гэж үзэн ийнхүү 20 жил хоригдох ял оноожээ. Түүний төр барих хугацаанд Египетийн төр байнгын тогтворгүй байдалтай, үймээн самуун дүүрэн, эдийн засаг нь уналтаар дүүрэн байсан гэж шинжээчид дүгнэдэг.

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top