Украины Дээд Радын депутат, сайн дурын “Айдар” батальоны командлагч асан Сергей Мельничук өнгөрсөн жилийн орлогоо цахимаар мэдүүлэхдээ 38,7 тэрбум доллар олсон гэжээ. Харин түүний харьяалагддаг “Ардын эр зориг” намын парламент дахь бүлгээс энэхүү мэдэгдлийг наргиан байлаа хэмээн яаран сандран мэдэгдэл хийсэн байна.
Зөрчилт мэдүүлэг
Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан үндэсний агентлагийн сайт дээр Мельничук өнгөрсөн жилийн орлогоо нэг их наяд гривен буюу 38,7 тэрбум доллар хэмээн мэдүүлэг бөглөсөн байна. Ингэхдээ түүний цалин 73,5 мянган гривен буюу 2,9 мянган доллар гэж мэдүүлсэн аж.
Мэдүүлэгт мөн, 1994 оны Jeep Grand Cherokee, 1988 оны “ГАЗ 2411” машинтай, Винниц-д орон сууц, бага хэмжээний эдлэн газартайгаа дурджээ.
39 тэрбум доллар хэр их вэ?
Энэ хэмжээний мөнгө нь Украины алт валютын нөөцийг 2,5 дахин нугалахаар байна. Мөн үнэхээр ийм хэмжээний эд хөрөнгөтэй бол 24,9 тэрбум доллартай америк тэрбумтан Жорж Соросыг төвөггүй гүйцэж түрүүлэхээр аж.
Мельничукын мэдүүлэгт бөглөсөн хөрөнгийн нийт дүн Forbes-ын дэлхийн баячуудын жагсаалтад 12-р байр эзэлдэг, Google-ийг хамтран үндэслэгч Сергей Брин-ийн 38,5 тэрбумын хөрөнгөтэй эн зэрэгцэж ирэхээр байна.
Цахим хэлбэрээр хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөх систем Украинд есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хуульд зааснаар бол, Украины төрийн албан хаагчид 10-р сар дуусталх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөх ёстой аж. Цахим мэдүүлгийг хуурамчаар бөглөсөн тохиолдолд холбогдох этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )