Европын холбооны Парламент Өмнөд Америкийн орнуудаас импортоор орж ирж буй гадил жимснээс авах импортын татварын хэмжээг багасгах хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр экспортлогч, импортлогч талуудын хооронд 20 жил өрнөж, “гадил жимсний дайн” гэж нэрлэгдэхдээ хүрсэн худалдааны зөрчил эцэс болов. Парламентын 501 гишүүн уг хуульд “за” гэж хэлсэн бол 144 гишүүн эсрэг санал өгсөн байна. Хууль батлагдсанаар 176 евро байсан импортын гадил жимсний тонн тутмаас авах татвар 2017 онд 114 болж буурах боломжтой боллоо. Эрх ашиг нь хөндөгдсөн 35 улс “Гадил жимсний дайн”-д татагдан ороод байсан бөгөөд 2008 онд Женевт болсон хурлын дараа улам хурцадмал байдалд оррод байсан юм. Европын орнууд 1990-ээд он хүртэл Африк дахь колони байсан орнуудаасаа ихэвчлэн гадил импортолдог байсан бөгөөд импортын татвар авдаггүй байв. Тэд үүнийгээ Африк, Карибын орнуудыг дэмжиж байна гэж тайлбарладаг байв. Харин Дэлхийн худалдааны байгууллагын шахалтаар ӨмнөдАмерикаас импортлох болмогцоо татвараа нэмж орхисон юм байна. Сонирхуулахад, Европын холбоо гадилын хэрэгцээнийхээ 10 хувийг өөрсдөө хангадаг аж.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )