АНУ-д 2015 онд иргэдийг олноор нь хоморголон буудсан 351 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хоногт дунджаар нэгээс дээш удаа гэмт халдлага гарч байсан гэсэн үг юм.
Жишээлбэл, өнгөрөгч оны сүүлээр Калифорни мужийн Сан Бернардиногийн эмнэлэгт гарсан олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлага цор ганц халдлага биш байсан аж.
Жоржиа мужийн Саванна хотод өглөө эрт нэг хүнийг алж, хэд хэдэн хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарчээ. Мөн Техас мужийн Хьюстоны эрүүл мэндийн төвийн гадна нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Түүнчлэн арван хэдэн хүн амь насаа алдсан Сан Бернардиногийн эрүүл мэндийн төвөөс ердөө 16 км зайтай оршдог Таргет гэдэг их дэлгүүрийн гадна буудалцаан болсон тухай ч мэдээлж байсан.
“Вашингтон Пост” сониныхон 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойшхи ард иргэдийг олноор нь хоморголон буудсан зэвсэгт халдлагуудын тухай баримт мэдээг эмхэтгэн мэдээлжээ. “Олноор хоморголсон” гэдгийг тэд “зэвсэгт халдлагын улмаас дөрөв ба түүнээс олон тооны хүн алагдсан буюу шархадсан тохиолдол” гэж тодорхойлсон байна.
Хүснэгтээс үзвэл АНУ-д өдөр бүр дээд тал нь таван удаа олныг хоморголон буудсан хэрэг гарч байж.
Цаашдаа энэ байдлаар үргэлжлэх аваас Америкчууд өдөр тутам гарч буй хоморголон буудах гэмт халдлагуудыг таслан зогсоохын тулд галт зэвсгийн хэрэглээг хянах цогц хууль зүйн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарна.
Америкчууд урьд хожид байгаагүй олноороо галт зэвсэгт дурлах болсны нэг нотолгоо нь өнгөрөгч оны 11 сарын 27-д буюу Хар Бямба гаригт гэхэд шинээр галт зэвсэг худалдаж авсан 185,345 иргэний түүх намтрыг Холбооны Мөрдөх Товчооноос шалгаж, дээд амжилт тогтоожээ.
Зэвсгийн борлуулалт өсөн нэмэгдэх тусам галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэлт гэмт хэргийн тоо ч бас улам бүр нэмэгдэж байна.
1968 оноос хойшхи галт зэвсгийн хэрэглээ Америкийн түүхэнд тохиолдсон аль ч дайнаас хавьгүй олон хүний амь насыг авч оджээ. “Mother Jones” мэдээллийн сайтын мэдээлснээр жил бүр дунджаар 33 мянган америк иргэн галт зэвсэгт хорлогдон амь насаа алдаж, 80 мянган хүн гэмтэж шархаддаг ажээ.
2012 онд Сэнди Хук бага сургууль руу нэвтэрч 26 багш, сурагчдийн аминд хүрсэн хэргээс хойш АНУ-ын Конгрессээс галт зэвсэгийн хэрэглээг хянах хуулийг шинэчлэх оролдлого огт хийгээгүй байна.
Тухайн үед хоморголон буудахаас сэргийлэх зорилгоор хэд хэдэн хуулийн санал шинээр оруулж байсны дотор галт зэвсэг худалдан авагчдын намтар түүхийг шалгах, олноор хөнөөх чадвартай хагас автомат бууг хувийн хэрэглээнд ашиглахыг хориглосон хориог сэргээх зэрэг саналууд орж байжээ.
Гэвч АНУ-ын Галт Зэвсэг Хэрэглэгчдийн Үндэсний Ассоциацаас холбогдох хууль тогтоомжийг бага ч атугай өөрчлөх Конгрессийн оролдлогуудыг тухай бүрт нь амжилттайгаар таслан зогсоож ирсэн байдаг.
Эх сурвалж: http://usuncut.com/news/there-have-been-more-mass-shootings-than-days-in-2015/
Сэтгэгдэл ( 2 )
“Олноор хоморголсон” гэдгийг тэд “зэвсэгт халдлагын улмаас дөрөв ба түүнээс олон тооны хүн алагдсан буюу шархадсан тохиолдол” гэж тодорхойлсон байна.
“Олноор хоморголсон” гэдгийг тэд “зэвсэгт халдлагын улмаас дөрөв ба түүнээс олон тооны хүн алагдсан буюу шархадсан тохиолдол” гэж тодорхойлсон байна.