Обама: Хэрэв Флоридад ялж чадвал ардчилагчид сонгуульд яллаа гэсэн үг

2016 оны 11 сарын 07

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сурталчилгааны ажилд оролцох үеэрээ, хэрэв ардчилагчид Флоридад ялж чадвал сонгуульд бараг л ялчихлаа гэсэн үг хэмээн мэдэгдсэн байна.

“Манай орны ирээдүйн хувь заяаг шийдэхэд ердөө хоёр хоног үлдээд байна, Флорида, хоёрхон хоног шүү... Бид хамтдаа найман жилийн өмнө эхлүүлсэн ажлаа цааш үргэлжлүүлэхэд та бүхний туслалцаа надад хэрэгтэй байна” хэмээн энэ мужид илтгэл тавих үедээ хэлсэн аж.

 

Обама 2008 оныг дурсахыг Флоридагийн оршин суугчдад уриалсан юм. Тухайн үед Обама зүүн хэсгийн энэ нутагт очиж байсан билээ. Түүний өгүүлснээр, тэр үед Америк орон урт удаан хугацааны дайны кампанит аяны дараа, дэлхийн эдийн засгийн хямралын хүнд үед байсан гэжээ.

“Та бүхний ач дэмийн хүчээр бид хамтдаа энэхүү хүнд үеийг давж чадсан. Бид мөн сэтгэл гутралаас сэргийлж чадсан. Гэвч энэ удаагийн сонгуульд бид ялж чадахгүй юм бол бидний олсон бүхий л хөгжил дэвшил цонхоор шидэгдэх болно. Хэрэв бид Флоридад ялж чадвал энэ удаагийн сонгуульд яллаа л гэсэн үг” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч онцлон дурдсан байна.

 

“Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын үеэр та бүхний анхаарлыг өөр тийш сарниулах гэсэн зорилго бүхий үй олон сөрөг цуурхал, худал мэдэгдлүүд явагдаж байгааг би сайн мэднэ. Заримдаа ч иймэрхүү худал үнэн нь мэдэгдэхгүй олон дуулиан шуугианаас та бүхэн залхаж байгаа байх. Гэвч та бүхэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хоёр хүн дээр анхаарлаа онцгойлон төвлөрүүлээсэй гэж би хүсч байна. Нэг нь, хэзээ нэгэн цагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан хүмүүсээс хамгийн их мэргэшсэн хүн, нөгөөх нь Дональд байгаа гэдгийг сайн бодолцоорой” гэж өнөөгийн ерөнхийлөгч онцгойлон захисан аж.  

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top