Сонгуулийн дараа Обама ХМТ-ны даргыг хална

2016 оны 11 сарын 08

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өнөөгийн төрийн тэргүүн Барак Обама Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны дарга Жеймс Комиг халах аж. Обамаг ийм алхам хийхийг түүний гол зөвлөхүүдийн нэг Валери Жаретт итгүүлж чадсан хэмээн Британийн The Daily Mail Цагаан ордны эх сурвалж дээр үндэслэн нийтэлсэн байна.

Түүнд өгүүлснээр, Комиг АНУ дахь сонгуулийн кампанит ажилд бодлогогүй, урьдчилсан сануулгагүйгээр хутгалдан орсон хэмээн буруутгаж халах үндэслэлтэй хэмээн Жаретт ерөнхийлөгч Обамад итгүүлж дөнгөсөн бөгөөд Конгресст энэхүү шийдвэрийг ардчилсан болон бүгд найрамдахчуудын хоёр гол намын төлөөлөл дэмжиж байгаа гэжээ.  

Обамагийн хуулийн зөвлөх мөн Жареттын саналыг зөвшөөрсөн бөгөөд түүний дараа ерөнхийлөгч Комиг халахаар бэлтгэж эхэлсэн аж. Харин ХМТ доторх эх сурвалжаас авсан мэдээллээр, Коми өөрөө Обамаг халахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана гэсэн байна.

ХМТ-нд ажиллагсдын олонхи нь ч мөн Комигийн үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны эсрэг хэргийн мөрдөн шалгалтыг гэнэт сэргээн, тэгснээ удалгүй голлох мэргэжилтнүүдтэй ч зөвлөлдсөн юмгүй уг хэргийг хаасан тухай мэдэгдсэн нь тун бодлогогүй үйлдэл гэж үзэж байгаа аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top