Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд улс орнууд амлалт авах болон хөрөнгө зарцуулж эхлээд байна. Тухайлбал, хүлэмжийн хий ялгаруулалтаа 2030 он гэхэд Швейцарь 50, Европын холбоо 40, ОХУ 30 хувь бууруулахаа амлаад байгаа билээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирол амсч байгаа нь гэвч тэдгээр улс биш, харин жижиг улсууд юм. Тэдний зүгээс 2010 онд шийдэгдсэн байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх “Ногоон сан”-гийн ажлыг хурдхан ажил хэрэг болгохыг л шаардаж эхэлжээ. Гэхдээ асуудал “Ногоон сан” ажилласнаар бүрэн шийдэгдчихгүй, өөрөөр хэлбэл илүү их хөрөнгө мөнгө, хүчин чармайлтыг бүх улс орон, нийт хүн төрөлхтнөөс шаардаж байгааг НҮБ анхааруулж байна.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслийн хүрээнд судалгаанд “Ногоон эдийн засагт шилжихэд ДНБ-ийхээ 1-2 хувийг жил бүр зарцуулж байж 10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрнэ” гэж дүгнэсэн байдаг. Уг судалгаанд дэлхийн ДНБ-ийг 75 триллион ам.доллар гэж багцаалаад жилд 1.3 триллион ам.долларыг хамгийн чухал 10 салбарыг “ногооруулах”-ад зарцуулах ёстой хэмээн дурьдсан байдаг юм.
Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулагдаж байгаа аж. НҮБ-ын ХБОТ “Ногоон эдийн засгийг” иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангалуун байлгах зорилтыг хангахын зэрэгцээ байгаль орчинд хоргүй байх ёстой гэж төсөөлж байна.
Олборлолтыг чиг баримжаагаа болгосон “хүрэн” эдийн засгаас байгаль орчинд хал балгүй “ногоон” эдийн засагт шилжсэнээр ажлын байр багагүй хэмжээгээр хорогдох төлөв байгаа ч өөр арга замаар нэмэгдүүлж болно гэж тооцжээ. Дэлхийн ДНБ-ий 1.25 хувийг эрчим хүчний зхистой хэрэглээг дэмжих, ногоон эдийн засагт шилжих үйл ажиллагаанд зарцуулснаар эрчим хүчний хэрэглээ 2020 он гэхэд 9 хувь, цаашид 2050 он гэхэд 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж төсөөлж байна. Мөн дахин боловсруулалт хийх асар их боломж нуугдаж байгааг дэлгэн тавьжээ. БНСУ яг энэ чиглэлээр “Үйлдвэрчэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх” тусгай хөтөлбөр хэрэгжүүлж шил, цаас, цахилгаан зай хураагуур зэрэг бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг 14 хувь хүртэл нэмэгдүүлж, 1,6 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байна. Бразил улс мөн энэ чиглэлд анхаарч ажилласнаар хоёр тэрбум ам.долларын орлого олж, 10 сая тонн хүлэмжийн хий агаарт алдагдахаас сэргийлжээ. Бразилчуудын хичээнгүй ажиллагааны үр дүнд одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн ДНБ-ийх нь 0,3 хувийг эзлэх болсон байна.
Тиймээс “Ногоон сан”-гаас гадна улс орон бүр, иргэн бүр хэмнэлт хийж, байгаль орчиндоо ээлтэй амьдралыг хэвшүүлж байж л уур амьсгалын өөрчлөлттэй бодитой тэмцэж чадах нь харагдаж байгаа юм.
“Ногоорох” зайлшгүй шаардлагатай 10 салбар, нэг жилд зарцуулах хөрөнгө:
1. Хөдөө аж ахуй, 108 тэрбум ам.доллар- Үүний ихэнхи хувь нь жижиг фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдана.
2. Барилга, 134 тэрбум ам.доллар- “Ногоон барилга”-д шилжсэнээр эрчим хүчний зохистой хэрэглээг хөгжүүлэхэд маш их нэмэр болох юм.
3. Эрчим хүчний хангамж, 360 тэрбум ам.доллар-Сэргээгдэх эрчим хүч нь хүн төрөлхтний ганц “авралын од”, тиймээс хөрөнгийн хэмжээ их байвал бүр сайн.
4. Загас агнуур, 110 тэрбум ам.доллар -“Ногоон загас агнуур”-ыг хөгжүүлнэ гэдэг нь дэлхий дээр байгаа нийт фолтыг цөөрүүлнэ гэсэн үг.
5. Ойн аж ахуй, 15 тэрбум ам.доллар- Ойг тарималжуулах, цэвэрлэж нөхөн сэргээхэд зарцуулагдана.
6. Эрчим хүчний зохистой хэрэглээ- Хэрэглэгч, тэр тусмаа үйлдвэрлэгчдийг хэмнэлтийг дээд зэргээр хийдэг болгоход чиглэсэн бодлого явуулна. Хөрөнгийн ихэнх нь суртал ухуулга хийхэд зориулагдана гэж ойлгож болно.
7. Аялал жуулчлал, 135 тэрбум ам.доллар- “Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд зарцуулагдана.
8. Зам тээвэр, 190 тэрбум ам.доллар- “Ногоон тээвэр”-ийг хөгжүүлнэ. Энэ нь бусад салбартай хамааралтай.
9. Хог хаягдлын менежмент 110 тэрбум ам.доллар- Дахин боловсруулалт хийх чиглэлд түлхүү зарцуулагдана.
10. Далайн баялгийн менежмент, 110 тэрбум ам.доллар- Далайн баялгийн зохистой хэрэглээ, цэвэрлэгээ хийхэд зарцуулагдана.
С.Алдар
Сэтгэгдэл ( 1 )
НҮБ ГЭЖ ЧУХАМ ЯМАР БАЙГУУЛЛАГА ЮМ БЭ??? НЭГ Л ОЛОН ОРОН ОЛОН УЛСЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ БОЛОВЧ ... БАС НЭГ ТУСГАЙ УЛС Ч ЮМ ШИГ...ХЭНИЙ БОДЛОГЫГ ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ВЭ???