Туркийн зүүн-өмнө зүгт орших Мардин мужийн тэргүүн Фатих Сафытюрк халдлагад өртөн нас барсан байна. Пүрэв гаригт буюу өчигдөр түүн рүү халдлага үйлдэх үеэр хүнд шархадсан аж.
Дэлбэрэлтийн үеэр хүнд шархадсан 35 настай удирдагчийн амийг эмч нар аварч дийлсэнгүй. Тэрээр халдлагын дараа эхлээд орон нутгийн эмнэлэгт, дараа нь нисдэг тэргээр Газиантеп мужийн эмнэлэгт хүргэгдсэн аж. Түүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсний дараа төрөлх муж Сакарья руу хүргэн, оршуулах ёслол үйлдэх юм байна.
Тус улсын эрх баригчид энэхүү халдлагад Курдистаны Ажилчны намыг сэжиглэж байгаа бололтой. Энэ намыг Туркт террорист байгууллагаар тооцдог гэнэ. Дэлбэрэлт Сафытюркийн албан өрөөнөөс холгүй, төрийн албан хаагчдын бүсэд тохиолдсон байна.
Сафытюркийг энэ оны есдүгээр сарын эхээр мужийн захиргааны тэргүүнээр Дотоод явдлын яамнаас томилсон аж. Талийгаач болон бусад 20 хүнийг яамны шийдвэрээр солигдсон зүүн зүгийн орон нутгийн удирдлагуудын оронд томилж байжээ. Өмнөх удирдагчид нь террористуудтай холбоотой хэрэгт сэжиглэгдэн халагдаж байсан аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )