Молдавын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа

2016 оны 11 сарын 14

Молдавын ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намын тэргүүн Игорь Додон ялалт байгуулжээ. Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, нийт сонгогчдын 54,5%-ийн саналыг Додон авсан бөгөөд түүний өрсөлдөгч “Үйл ажиллагаа ба эв нэгдэл” намын тэргүүн Майя Санду 45,4% санал авсан байна.

“Энэ удаагийн сонгуульд бид яллаа хэмээн итгэл төгс хэлж болохоор байна. Одоогоор хилийн чанадад санал хураалт явагдаж байгаа хэдий ч бид 50+1 хувийн санал авч чадсан учраас бид яллаа” хэмээн Игорь Додон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн аж.

Тэрээр өөрийн өрсөлдөгч Майя Санду-д сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн тайвшруулсан байна. “Маш өндөр, амжилттай үр дүн үзүүлсэн танд баяр хүргэе. Манай улсын нийгэмд ямар нэгэн хагарал бутрал гаргахгүйн тулд бид хамтдаа хичээх ёстой” гэж Додон өгүүлжээ.

Мөн Молдавын бүх иргэдийн ерөнхийлөгч байхаа амлан, баруун зүүний чиглэл, түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид гээд бүхий л ард иргэдийн санал бодлыг анхааралтай сонсох болно гэдгээ Додон хариуцлагатайгаар мэдэгдсэн байна. Тэрээр ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа сэргээн, өөрийн улсын бүтээгдэхүүнийг Оросын зах зээл дээр гаргаж, эрчим хүчний хамтын ажиллагаагаа хэвийн болгох талаар ойрын ирээдүйд төлөвлөөд байгаа аж.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top