АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны засаг захиргааны тэргүүнээр одоо Бүгд найрамдах намын Үндэсний зөвлөлийг удирдаж буй Ринс Прибасыг томилно хэмээн CNN телесуваг мэдээллээ. Прибас энэхүү албан тушаалд нэр дэвшигчдийн дунд зүй ёсоор яригдаж байсан билээ.
Цагаан ордны аппаратын тэргүүн нь Америкийн засаг захиргааны гол албан тушаалуудын томилгоо хийхэд ихээхэн нөлөө бүхий аж. Энэхүү ач холбогдол өндөртэй албан тушаалд Прибасыг санал болгож буй нь Трампыг намынхаа удирдлагатай зөрчилтэй үед түүнд ихээхэн тус болж байсны хариу шагнал бололтой.
Бүгд найрамдахчууд өнгөрсөн мягмар гаригт АНУ-д явагдсан сонгуулиар ерөнхийлөгчийн суудлыг авч, мөн Конгрессийн хоёр танхимд хяналтаа хадгалж чадсан бөгөөд хэдэн сарын дараа Дээд шүүхэд өөрийн хүнээ тавьснаар улс орны хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүхий л салаа мөчрийг гартаа атгах аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )