Тайландын хаан Пумипон Адульядет /Рама IX/ таалал төгссөнтэй холбогдуулан тус улсад 30 хоногийн гашуудал зарлан, олон нийтийг хамарсан цэнгээнт арга хэмжээнүүдийг хориглоод байсан билээ. Харин өнөөдөр гашуудал өндөрлөж байгаа бөгөөд борооны улирлын төгсгөлд зориулан явагддаг Лой Кратонг хэмээх уламжлалт фестивальтай давхцаж таарсан байна.
Тайландын хааны сэнтийд 70 жил заларсан Рама IX таалал төгссөний дараа тус орны засгийн газар төрийн албан хаагч, төрийн мэдлийн компаниудын ажилтнуудад зориулан нэг жилийн гашуудал зарлаж, харин бусад хүмүүсийн хувьд нэг сарын гашуудал зарлагдсан юм.
“30 хоногийн гашуудлын дараа манай улс орон дахь олон зүйлс хэвийн урсгалдаа орох бөгөөд гашуудал дууссанаас хойш ч түүнийг үргэлжлүүлэх эсэх нь хувь хүмүүсийн шийдвэр байх болно” гэж Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Кобкарн Ваттанаврангкун ярилцлага өгөхдөө дурдаж байсан билээ.
Өнөөдрөөс буюу энэ сарын 14-нөөс эхлэн албан газруудын дээр бөхийлгөсөн төрийн далбааг өргөх ёстой байсан хэдий ч одоог хүртэл Бангкок дахь олон байгууллагууд бөхийлгөсөн хэвээр байгаа аж. Мөн нийслэл хотын ихэнх оршин суугчид хар буюу цагаан өнгийн гашуудлын хувцсаа тайлалгүй, ханцуй, энгэр дээр гашуудлын хар тууз зүүж, хааны зурагтай футболк өмссөн хэвээр байна.
Лой Кратонг Фестиваль
Бангкок дахь иймэрхүү нөхцөл байдлыг үл харгалзан өнөөдөр нийслэл болон бусад хотуудад уламжлалт Лой Кратонг усны фестивалийг тэмдэглэх юм байна. Энэ наадам нь борооны улирлын төгсгөлд, гол нуурууд дахь усны түвшин буугаад эхлэнгүүт болдог жамтай аж.
Билгийн цаг тооллын дагуу арав дахь сарын тэргэл сартай шөнө цэцэг болон гадилын навчаар урлаж, лаа асаасан жижиг завиудыг усанд тавьдаг уламжлалтай юм байна. Эдгээр нь өөрийн эздийнхээ хамаг л муу муухайг авч яван, эзнээ цэвэрлэдэг гэсэн сүсэгтэй аж.
Харин Тайландын хойд хэсэгт энэ наадмыг арай өөрөөр тэмдэглэдэг. Чиангмае-д түүнийг Йи Пенг хэмээн нэрлэх ба орон нутгийн оршин суугчид болон жуулчид цагаан будааны цаасаар урласан дэнлүүг тэнгэрт хөөргөдөг. Энэхүү үзэгдлийг хөндлөнгөөс харахад сүртэй сайхан хэдий ч агаарын нислэгт асуудал учруулж болзошгүй аж. Чиангмае дахь нисэх буудлын захиргаанаас мэдээлснээр, 11-р сарын 13-15-ны хоорондох олон улсын болон орон нутгийн 15 нислэгийг цуцлан, 36 нислэгийн хөөрөх цагт өөрчлөлт орсон гэнэ.
Телевизийн нэвтрүүлгүүд сэргэлээ
Өнөөдрөөс Тайландын телевизүүд хэвийн горимд шилжлээ. Гашуудал зарласан үеэр бүхий л цэнгээнт нэвтрүүлгүүд, ток-шоу, олон ангит кинонууд хаагдаад байсан билээ. Тэдний оронд зөвхөн мэдээ нэвтрүүлж, Рама IX-ийн амьдралын тухай баримтат кинонуудыг үзүүлж байсан юм.
“Телевизийн удирдлагуудад нэг л шаардлага тавигдаж байгаа. Өдөр бүр өөрийн нэвтрүүлгүүдээ цацахын хажуугаар хааны ажил үйлсийн талаарх баримтат киноноос гаргаж байх ёстой. Хүмүүс түүнийг зөвхөн хаан байсан гэх үүднээс дурсах бус, түүний сургаалийг марталгүй, заасан замыг нь мөрдлөг болгож байвал бидний хаанаа хайрлах шилдэг арга юм” хэмээн Аялал жуулчлал, спортын сайд өгүүлжээ.
Дашрамд дурдахад, Рама IX 10-р сарын 13-нд Бангкок хотноо 88 настайдаа таалал төгссөн билээ. Ойрын саруудад нийслэлийн төв талбай Санам Луанг дээр тусгай бунхан бүтээж, түүн дотор хааны занданшуулсан цогцсыг байршуулах аж. Уг ёслолын арга хэмжээний нээлт одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )