Путин, Трамп нар өргөн хүрээт асуудлууд хэлэлцлээ

2016 оны 11 сарын 15

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр буюу даваа гаригийн орой утсаар ярилцсан байна.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Оросын удирдагч Трампын ялалтад дахин баяр хүргээд, сонгуулийн өмнө дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйлсэд нь амжилт хүсч, харилцан хүндлэл, бие биеийн дотоод асуудалд хутгалдан оролцохгүй байх, эрх тэгш харьцах зарчим дээр үндэслэн Цагаан ордны шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Орос-Америкийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал маш хангалтгүй түвшинд байгааг ярилцагч хоёр хүлээн зөвшөөрөөд, энэхүү байдлыг хэвийн болгон идэвхтэй хамтран ажиллах талаар өргөн хүрээнд авч хэлэлцсэн аж. Ялангуяа хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх замаар хоёр талын холбооны найдвартай үндсийг бий болгохын чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп нар терроризмтэй хийх тэмцэл, Сирийн нөхцөл байдлыг зохицуулах асуудлуудаар хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцжээ. Ялангуяа тэдний нийтийн дайсан болох олон улсын терроризм, хэт даврагсадтай хийх тэмцэлд хүчээ нэгтгэх нь зайлшгүй чухал талаар саналаа нэгтгэсэн аж.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.120) 2016 оны 11 сарын 15

Дэлхийд хүчний тэнцвэр тогтож, энх тайван цаг ирэх цаг айсуй...

0  |  0
Зочин (202.9.40.237) 2016 оны 11 сарын 15

Орос Америк хоёр найрамдалтай байж хамтрах хэрэгтэй.

0  |  0
Top