Барак Обама Сирид байлдааны ажиллагаа явуулснаа үгүйсгэжээ

2016 оны 11 сарын 15

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама Сири дэх өнөөгийн нөхцөл байдал 2011 онд Ливид болсон нөхцөл байдлаас ялгаатай учраас тэнд байлдааны ажиллагаа явуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

Ливид болсон явдлын тухайд, АНУ-д олон улсын мандат байсан, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гарч өргөн хэмжээний эвсэл тухайн үед байгуулагдсан талаар Америкийн төрийн тэргүүн сануулсан аж.

Харин “Сири одоогоор илүү хүнд нөхцөл байдалтай байгаа учраас Ливид хийсэн шиг байлдааны ажиллагааг Сирид явуулах боломжгүй. Иймд бид улстөрийн хувьд зохицуулах асуудлыг үргэлжлүүлсээр байх болно” гэж Барак Обама өгүүлжээ.

2014 оноос хойш АНУ өөрийн холбоотнуудын хамтаар Сири болон Иракт “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулж байгаа билээ. Сирид энэ нь тус орны эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хийгдэж байгаа. Харин Оросын хувьд, эсрэгээрээ, Дамаскийн урилгаар тэнд ажиллагаа явуулж байгаа юм.

АНУ-ын зүгээс Москвагийн тавьж буй саналыг үл харгалзан, “Исламын улс”-тай хийх тэмцлээ Оростой ярилцан зохицуулахаас татгалзаад байгаа билээ.

АНУ 2011 онд Барууны орнуудтай хамтран Ливийн зэвсэгт сөрөг хүчинг дэмжсэн байлдааны ажиллагаа явуулж төрийн эргэлт хийсэн бөгөөд дараахан нь тус орны удирдагч, хурандаа Муаммар Каддафийн амь насыг хөнөөсөн явдал тус улсад эмх замбараагүй байдлыг гааруулж, олон улсын террорист бүлэглэлүүд тэнд өргөжин тэлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top