Европын эрчүүд 100 жилийн дотор 11 сантиметрээр өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

XIX зууны дунд үеэс 1980 оныг хүртэл Европын эрчүүдийн дундаж өндөр 11 сантиметрээр нэмэгджээ. Английн Эссексийн их сургуулийн судлаач эрдэмтэн Тимоти Хэттон 1870-1980 оны хооронд цугларсан дүн мэдээнд судалгаа хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тэрбээр Европын 15 улс, орны 21 орчим настай эрчүүдийн дундаж өндөрт шинжилгээ хийсэн аж.

Энэ дүн мэдээг голчлон цэргийн алба хаагч нарын өндрийн хэмжээгээр тодорхойлж гаргажээ.Тэгтэл энэ хугацаанд тус тивийн эрчүүдийн дундаж өндөр 11 сантиметрээр нэмэгдсэн нь тодорхой болсон байна. Тэр ч бүү хэл, Дэлхийн хоёр дайн, Аугаа хямралын үед ч энэ үйл явц удаашралгүй харин ч эрчимтэй явагдсан гэж үзжээ.

Үүний гол шалтгаан анагаах ухааны салбар үсрэнгүй хөгжиж, өвчлөл эрс багассантай холбоотой гэнэ. Түүнчлэн бага насны хүүхдүүдийн нас баралт эрс багассантай үүнийг холбон тайлбарласан байна. 1870 оны үед 1000 хүүхэд тутамд 178 нь бага насандаа нас барж байсан бол энэ үзүүлэлт 1915 онд 120 болж буурчээ. Тэгвэл 1951 онд энэ үзүүлэлт 41, 1980 онд 14 болж огцом буурсан аж.

Түүнчлэн судлаач эрдэмтэд хүн амын орлого нэмэгдэж, орон байрны нөхцөл байдал эрс сайжран, хүмүүс зөв хооллож, эрүүл мэнддээ анхааран нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ хөгжсөнөөр ийм үзүүлэлтэд хүрсэн гэж дүгнэсэн байна.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top