Митт Ромни АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болох магадлалтай

2016 оны 11 сарын 18

Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бүгд найрамдахч Дональд Трамп тус улсын гадаад улстөрийн бодлогыг удирдах албан тушаалд Митт Ромниг тавихаар сонирхож буй бололтой.

Дональд Трампад ойр дотно байдаг эх сурвалжийн мэдээлснээр, ирэх ням гаригт буюу энэ сарын 20-нд Трамп, Ромни нар уулзалт зохион байгуулж, шинэ засаг захиргааны бүтцэд хамтран ажиллах талаар өргөн хүрээт асуудлуудыг ярилцах аж.

Митт Ромни 2012 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обаматай өрсөлдөөд ялагдаж байсан билээ. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр тэрээр Дональд Трампыг нэг бус удаа хурцаар шүүмжилж байсан хэдий ч ялсных нь дараа баяр хүргэсэн юм.

Митт Ромни бол Оросын эсрэг үзлээрээ алдартай нэгэн. Тэрээр 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросыг “АНУ-ын хувьд геополитикийн №1 дайсан” хэмээн нэрлэж байсан билээ.

АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд мөн Өмнөд Каролина мужийн амбан захирагч Никки Хейли, Нью-Йоркийн мэр асан Рудольф Жулиани, НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч асан Жон Болтон нарын нэрс дуулдаад байгаа аж.  

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top