Тайландын сөрөг хүчний удирдагч асан, улстөрийн хямралын “гол дүр”-ийн нэг Сутхеп Тхаугсубан шинэ нам байгуулах хүсэлтэд Дээд шүүхээс татгалзсан хариу өгчээ.
Улстөрийн хямрал ид хүчээ авч байх үед тэрээр Инглак Шинаватрагийн намын гол дэмжигчид болох тариаланчдын сэтгэлийг татах зорилгоор “Сөрөг хүчин тариачдад туслах мөнгөн тусламжийг цуглуулж эхэлсэн. Хангалттай хөрөнгө цугларахгүй бол улсын нөөцийн үр тарианы агуулахуудыг эзэлж аван зах зээлд худалдаж, олсон мөнгөөр нь тариаланчдыг дэмжих болно” гэсэн мэдэгдэл хийж олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан бөгөөд энэ болчимгүй мэдэгдэл нь эцэстээ түүний карьерыг үгүй хийсэн юм. Тайландын Засгийн газар жил бүрийн хоёрдугаар сард хойд нутгийн тариаланч фермерүүддээ мөнгөн тусламж үзүүлдэг уламжлалтай. Тэр жил улс оронд үүссэн тогтворгүй нөхцөл байдлаас болоод тусламж үзүүлж чадахгүйд хүрээд байсан аж. Тариаланчдын сэтгэл эрх баригчдын эсрэг хандсан энэ эгзэгтэй үеийг ашиглахаар шийдсэн Сутхеп тариаланчдыг зохион байгуулан, Бангкокт хийсэн жагсаалынхаа үеэр энэ мэдэгдлийг хийсэн байдаг. Гэвч түүний мэдэгдэл нийт ард иргэд төдийгүй тусламж авах шаардлагатай байгаа хойд нутгийн тариаланчдад ч таалагдаагүй билээ. Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа үр тарианы фермерүүдийн нэг бус холбоо эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Мөн сөрөг хүчний эсрэг хөдөлгөөн олон хотод өрнөж, улмаар эрх баригчдад ашигтай өндөрлөсөн юм.
Улсын нөөц рүү халдах нь улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулахаас гадна сөрөг хүчнийг зангидаж байгаа цөөн хэдэн хүмүүс нугалаа гаргаж хувьдаа хөрөнгө завших магадлалтай хэмээн ийнхүү эсэргүүцсэн юм. Улс төрд хамгийн нөлөөтэй, “хөгшин үнэг” хэмээн алдаршиж байсан нэгэн улстөрч ийнхүү ганц болчимгүй мэдэгдлээсээ болж намынхаа ажлыг ч унагаж, өөрөө улс төрд орох найдваргүй болжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )