Иргэдийг интернэтээр тагнах боломжийг олгосон гэж А.Меркелийг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Германы хэсэг хакерууд Канцлер Ангела Меркеийг шүүхэд өгчээ. Chaos Computer Club (CCC) хэмээх ашгийн бус байгууллагын сайтад энэ талаар мэдээлсэн байна. Хакерууд А.Меркелийн тэргүүлсэн Засгийн газар интернэт хэрэглэгчдийг эрх ашгийг зөрчдөг хэмээн буруутгасан байна.

А.Меркелийн тэргүүлсэн Засгийн газар, Тагнуулын төв газар нь германы интернэт хэрэглэгчдийг тагнаж мөрдөх боломжийг АНУ-ын тусгай албадад гаргаж өгсөн гэж Шүүхэд хандсан хакерчид баталж байгаа юм. “Chaos Computer Club”-ын гишүүд АНУ-ын тагнуулын алба иргэдийг нь цахим ертөнцөд тагнан мөрдөж байхад Германы тусгай албад юу ч хийгээгүйгээр барахгүй, харин ч тагнаж мөрдөх боломжийг нь бүрдүүлж өгч байсан гэжээ. Тус клубийн гишүүд шүүхэд гаргасан өргөдөлдөө “Энэ асуудал бол германы иргэн бүрт хамаатай өргөн хүрээтэй асуудал учраас холбооны шүүх энэ асуудлаар мөрдлөг явуулна гэж найдаж байна” хэмээн бичсэн байна. Хакерууд Канцлерыг шүүхэд өгсөн энэхүү асуудлаар Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайбертээс тодруулахыг хүсэхэд тэрбээр “Герман улсад хүн бүр эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй” гэж өгүүлсэн байна.

АНУ-ын тусгай албад германы жирийн иргэдийг тагнадаг гэсэн мэдээллийг өнгөрсөн онд ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуден анх гаргаж тавьснаас хойш интернэт хэрэглэгчдийн аюудгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал Германд олны анхаарлыг татсан сэдэв болсон юм. Энэ удаагийн асуудал ч гэсэн нэг талаараа дээрх шуугианы үргэлжлэл юм. Эдвард Сноудений дэлгэсэн баримтад АНУ-ын тусгай алба дэлхийн улс орнуудын удирдагчдыг тагнаж чагнадаг тухай дурьдсан байсан бөгөөд тагнуулсан хүмүүсийн тоонд Ангела Меркель өөрөө ч орсон билээ.

Шүүх хакеруудын гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь германчуудын сонирхлыг татсаар байна. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top