Европ даяар халдлага болох магадлалтайг анхаарууллаа

2016 оны 11 сарын 22

АНУ-ын Төрийн департмент иргэддээ зориулан албан ёсны сэрэмжлүүлэг гаргажээ. Тэрээр мөдхөн болох баяр ёслолын өдрүүдийн үеэр “Европ даяар” халдлага болох магадлалтай тухай онцгойлон анхааруулсан байна.

“Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, “Ирак ба Левантын Исламын улс”, “Аль-Каида” бүлэглэлүүд болон тэдгээрийн салбарууд оны эцсээр болдог амралтын сезон, баяр ёслолуудыг далимдуулан Европт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа бололтой” хэмээн Төрийн департментын баримт бичигт дурджээ.

Хэт даврагчид, радикалууд хэсэг бүлгээр болон ганц нэгээрээ гэнэтийн  халдлага үйлдэж болзошгүй тул АНУ-ын иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан аж. “Террористууд уламжлалт болон уламжлалт бус олон төрлийн зэвсэг хэрэгсэл, янз бүрийн арга тактикийг ашиглаж болзошгүй” гэж албан бичигт цохон өгүүлсэн байна.

Жуулчид ихээр цуглардаг газрууд, нийтийн тээвэр, худалдааны цэгүүд гэх мэт хүмүүс олноор хурдаг байршлуудад өндөр сонор сэрэмжтэй явахыг анхааруулжээ.

“Европын эрх баригчид террорист үйлдлүүдийг таслан зогсооход чиглэсэн тусгай ажиллагааг явуулсаар байна. Бид олон улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр Европын холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж, хоорондоо мэдээллээ байнга солилцож байгаа. Ингэснээр болзошгүй террорист үйлдлүүдийг таслан зогсоож, хамгаалалтаа улам өндөржүүлж байна” хэмээн сэрэмжлүүлэг бичигт дурдсан аж.

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top