АНУ дахь “Хар Баасан” гаригаар хүмүүс амь үрэгдэж, гэмтжээ

2016 оны 11 сарын 26

Зул сарын өмнөх хямдрал зарлагддаг “Хар Баасан” гаригийн үеэр АНУ-ын хэд хэдэн мужид болсон эмх замбараагүй үймээний уршгаар хоёр хүн амь эрсдэж, 4-5 хүн гэмтэж бэртсэн байна.

New York Daily News сонин өөрийн сайт дээрээ мэдээлснээр, хямдралтай худалдаа явагдсан хоногийн турш томоохон худалдааны төвүүдийн орчим дөрвөн ч удаа буудалцаан болсон аж. Нью-Жерси мужид гэхэд, Атлантик тойргийн Macy’s их дэлгүүрийн дэргэд үл мэдэх этгээд 20 настай нутгийн оршин суугчийг түүний 26 настай ахын хамт буудан, нэгийг нь хөнөөж, нөгөөг нь шархдуулсан байна.

Мөн Невада мужийн Рено хот дахь Walmart сүлжээ их дэлгүүрийн өмнөх зогсоол дээр нэг худалдан авагч нөгөөхөө буудсан тохиолдол гарчээ. Цагдаагийнхны тодруулснаар, тэд машины зогсоолоо булаацалдан маргалдсан бололтой.

АНУ дахь энэ удаагийн “Хар Баасан” нь жил бүрийн 11-р сарын дөрөв дэх Пүрэв гаригт тохиодог Талархлын баярын дараахан болсон билээ. Энэ өдрөөр асар их хямдралтай их хэмжээний арилжаа наймаа явагддаг уламжлал XIX зуунд анх үүсчээ. Сөрөг өнгө аяс бүхий энэхүү нэршлийг анх Пенсильвани мужийн Филадельфи хотын иргэд авто замын аймшигт түгжрэлтэй холбогдуулан анх гаргаж ирсэн аж.  

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top