Юлия Тимошенко: Хүмүүс үргэлж миний үс, хумсыг хиймэл гэж ярьдаг

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 27

 

Украины улс төрч, бизнесмэн хатагтай Юлия Тимошенко өнөөдөр 56 нас хүрч байна. Тэрбээр 1960 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр мэндэлжээ. 
Улбар шар хувьсгалыг манлайлагчдын нэг тэрбээр Украины анхны эмэгтэй сайд юм. 2005-2007 оны хооронд хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаж, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байв. Мөн "Батькивщина" намын дарга энэ хатагтай авилгалын хэргээр долоон жил хоригдох ялаар шийтгүүлж, хоёр жил шоронд суусны эцэст 2014 оны хоёрдугаар сард Виктор Януковичыг огцорсоны дараа суллагдсан юм.
Тимошенко бизнест багагүй амжилт гаргасан. Гэвч түүнийг байгалийн хийн үйлдвэрээс хууль бусаар ашиг олсон гэсэн шүүмжлэл байнга дагадаг билээ. 

Украины хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог Тимошенко "Форбес" сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 2005 онд гуравдугаарт бичигдэж байсан удаатай. 
Түүнийг анх улс төрд хөл тавихад гэр бүлд нь маш их дарамт ирдэг байсан гэдэг. Нэгэн ярилцлагадаа тэрбээр “Украины авилгачидтай хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа боловч үүнээс өөр сонголтгүй” хэмээн өгүүлжээ. 
Тэрбээр хоригдож байхдаа “Янукович жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг суллаж байхад дундаж ангийнхан болоод үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн хүмүүс улс төрийн хоригдлууд болж шоронг дүүргэж байна” хэмээн хэлжээ. Шоронд хоригдож байхдаа нуруундаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон тэр канцлер Ангела Меркелийн урилгаар Германд эмчлүүлсэн юм.

Үсээ байнга сүлждэг энэ бүсгүй “Эмэгтэйчүүд үсний засалтаа байнга өөрчлөх хэрэгтэй” гэж хэлж байв. Мөн тэрбээр “Хүмүүс үргэлж миний үс, хумсыг хиймэл гэж ярьдаг. Яг үнэндээ миний бүх зүйл минь төрөлхийн” гэж хэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top