Фидель Кастрог оршуулах ёслол 12-р сарын 4-нд болно

2016 оны 11 сарын 28

France Press агентлаг мэдээлснээр, Кубын удирдагч асан Фидель Кастрог оршуулах ёслол ирэх сарын 4-нд Сантьяго-де-Куба хотод болох аж.

Удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбоотойгоор Кубад ес хоногийн гашуудал зарлаад байна. Тэрээр өнгөрөх шөнө 90 насандаа таалал төгсчээ. Гавана хотын бүх цэнгээний газрууд, ресторан, уушийн газрууд түр хугацаагаар хаагдаад байгаа аж.

Фидель Кастро таалал төгссөн явдал зөвхөн Кубын төдийгүй дэлхий дахины улстөрд томоохон гарз хохирол боллоо хэмээн түүний дүү Рауль Кастро телевизээр үг хэлэхдээ онцлон дурдсан байна. Гавана хотын иргэд эмгэнэлээ илэрхийлэхээр гудамжнаа цугларсан бөгөөд тэдний хувьд талийгаач удирдагч эрх чөлөөний билэг тэмдэг болж байсан юм.

 

Харин АНУ-д энэхүү мэдээг шөнө дундуур бүхий л ТВ эфирүүд дамжуулсан байна. Одоогоор Вашингтоны зүгээс албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа бөгөөд домогт удирдагчаас хойш Куба улс ямархуу байдлаар хөгжих бол гэсэн таамаглалыг Америкийн улстөр судлаачид сонирхож буй бололтой.

Дашрамд сонирхуулахад, Майамид амьдардаг Кубаас гаралтай 1,2 сая оршин суугчид Фидель Кастрогийн нас барсан тухай мэдээг сонссоны дараа бие биедээ баяр хүргэсэн гэнэ. Гэвч Кастро Кубын хувьд, өөрөөсөө хойш ч гэсэн маш тогтвортой улстөрийн системийг үлдээж байгаа билээ. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top