Тайланд улс шинэ хаанаа өргөмжлөхөөр бэлдэж байна

2016 оны 12 сарын 01

Тайландын талийгаач хаан Пумипон Адульядет /Рама IX/-ын ганц хүү Маха Вачиралонгкорныг хаан ширээнд залах ёслол ойрын хугацаанд болох аж.

“Нейшн” сонинд мэдээлснээр, Үндэсний хууль тогтоох ассамблей /парламент/-ын дарга Помпет Вичитчончай өв залгамжлагчийг суудлаа эзлэхийг парламент албан ёсоор урих ажиллагааг хүлээж байна гэжээ. Хаан ширээг залгамжлагч Маха Вачиралонгкорн парламентын даргад өөрийн зөвшөөрлөө өгсний дараа уг ажиллагаа явагдах аж. Ингэснээр, шинэ хаан суудалдаа заларсан талаар парламентын дарга Помпет Вичитчончай ард түмэндээ зарлах юм.

11-р сарын 29-нд Тайландын парламент 64 настай Маха Вачиралонгкорныг шинэ хаанаар зарлан тунхагласнаар түүнийг хаан ширээнд залах ажиллагаа эхэлж байгаа аж.

Шинэ хаанаа хүлээх зуур түүний хөрөг зурагтай элдэв бараа бүтээгдэхүүнүүд Тайландын дэлгүүрүүдэд ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон байна. Олон нийтийн сүлжээ болон мэдээллийн сайтууд дээр “Хаан мандтугай!” гэсэн бичиг, хааны хөрөг бүхий алтлаг  баннерууд тавигдаж эхэлжээ.

 

 

Дашрамд дурдахад, Тайландын агуу хаан Пумипон Адульядет 10-р сарын 13-нд 88 настайдаа таалал төгссөн билээ. Тухайн өдөр парламентын шуурхай чуулган болж, өв залгамжлагчийг суудлаа эзлэхийг ассамблейн дарга урьсан юм. Гэвч уг чуулган Рама IX –ийн дурсгалыг хүндэтгэн есөн минут чимээгүй зогсоод тарсан бөгөөд шинэ хаан залах ёслолыг хойшлуулан, ард түмэнтэйгээ хамт гашуудах боломж олгохыг хунтайж хүссэн тухай ерөнхий сайд Прают Чан-Оча дараа нь тайлбарласан аж.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top