Үй олноор хөнөөх зэвсгийг том гүрнүүд өөрийн газар нутагтаа хадгалдаггүй

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Шотланд улс тусгаар тогтносон тохиолдолд Англи улс үй олноор хөнөөх зэвсгээ хадгалах агуулахгүй болох байсан. Учир нь Их Британийн цөмийн цэнэгт хошуутай пуужингууд Шотландын Кулпорт, Фаслейн нэртэй Тэнгисийн цэргийн баазуудад хадгалагддаг байна. The Guardian сонинд энэ талаар мэдээллээ. Тус сонин CND хэмээх байгууллагын илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлсэн аж.

Илтгэлд “Кулпорт, Фаслейн шиг  цөмийн цэнэгт хошуу бүхий пуужинг хадгалах стандартыг хангасан агуулах Их Британид өөр байхгүй” хэмээн онцолсон байжээ. Девенпорт, Барроу, Портленд, Фалмут, Милфорд-Хейвен дэх цэргийн баазуудын агуулах ийм шаардлага хангахгүй гэдгийг бүр 1963 онд Их Британийн Батлан хамгаалах яамнаас шалгалт хийсний эцэст тогтоосон байдаг юм байна. Ийм зорилгоор ашиглах баазуудын хамгийн шилдэг нь Кулпорт баазын агуулах гэнэ. Сайн чанарын төмөр бетоноор баригдсан эл агуулах цөмийн пуужинг хааш нь л бол хааш нь харвах боломжийг хангасан байдаг аж.         

            Их Британийн БХЯ Кулпорт, Фултон дахь баазад цөмийн цэнэгт хошуунуудаа хэвээр хадгалж үлдэх талаар Шотландын талтай хэлэлцээр хийж эхэлсэн гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Дээрх баазуудад Их Британийн тэнгисийн цэргийн хүчний шумбагч онгоцууд хэдэн жилийн турш байрлаж байгаа юм. Хэрвээ байдал Их Британид ашиггүй өрнөж, цөмийн цэнэгт хошуугаа өөр улсын нутагт хадгалуулахаар болбол жинхэнэ сүйрэл болно гэж цэргийнхэн санаа зовж байгаа аж.

            Салан тусгаарлах үзэлтэн, Шотландын нэгдүгээр сайд асан Алекс Сальмонд тусгаар тогтнох эсэх санал асуулга явагдахын өмнө “Шотланд улс үй олноор хөнөөх зэвсэг нутаг дэвсгэртэй байлгахгүй” гэсэн мэдэгдэл хийж байв. Их Британийн Батлан хамгаалахын сайд хариуд нь “Хэрвээ тийм бол Шотланд улс цэргийн бааз, цөмийн цэнэгт хошуу  хадгалах агуулах барьсны нөхөн төлбөрийг Лондонд өгөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

CND илтгэлд энэ үйл явдлыг “газар авахгүй, хий хоосон сүрдүүлэг” гэж нэрлэсэн байсан бөгөөд ЗХУ Украин, Беларусь, Казахстаныг сүрдүүлж байсантай адилтгасан байна.   

            Шотландчууд Их Британиас салж, тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсан ч олонх нь Их Британийн харъяанд байх нь дээр гэж үзсэн юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top