Дэлхийн баячуудын хөрөнгө зоорийг өмнөөс нь үнэлж, эрэмбэ чансаа тогтоон алдаршуулдгаараа зартай “Forbes” сэтгүүл ОХУ-ын хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Жагсаалтыг “Новатэк”, “Сибур” холдингийн хамтран эзэмшигч Леонид Михельсон тэргүүлж, хойд хөршийн хамгийн баян хүнээр тодорчээ. Тэрээр хөрөнгөө өмнөх жилийнхээс даруй 2.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 14.4 тэрбумд хүргэсэн нь үүнд нөлөөлсөн байна. Улсынхаа хамгийн баян эрхмээр өмнө нь нэг бус удаа тодорч байсан Михайл Фридман, Алишер Усманов нарын эрхмүүд 13.3, 12.5 ам.доллараар эхний гуравт бичигдсэн байна.
Газрын тос, химийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сибур” холдингийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Кирилл Шамалов ОХУ-ын хамгийн залуу тэрбумтнаар тодорлоо. 34 настай бизнесмэн “Forbes” сэтгүүлээс гаргасан ОХУ-ын хамгийн баян 200 бизнесмэний гуравдугаар сарын жагсаалтад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр 64 дүгээрт бичигджээ. Эцэг Николоай Шамалов нь “Россия” банкинд хувь эзэмшдэг, 2011 онд 0.5 тжрбум ам.долларын хөрөнгөөр улсынхаа хамгийн баян 200 хүний тоонд орж байсан нөлөөтэй эрхэм байдаг аж. Санкт Петербургт төвтэй энэ банкийг Ерөнхийлөгч В.Путины найзууд болох Юрий Ковальчук, Геннадий Тимченко, Сергей Ролдугин нар хамтран эзэмшдэг бөгөөд үүнээсээ болж АНУ-ын “хар жагсаалт”-д орсон билээ.
Дашрамд дурьдахад, “Сибур” ч В.Путины тойрон хүрээлэгчдийнх бөгөөд К.Шамалов 2014 онд 17 хувийг нь худалдаж авсан юм байна. Улмаар БНХАУ-ын “Sinopec” компанийн 10 хувийг худалдаж авснаар ам.долларын тэрбумтнуудын жагсаалтад орж иржээ. Энэ оны эхний улирлын байдлаар гаргасан жагсаалтад хойд хөршийн хамгийн том олон нийтийн сүлжээ “ВКонтакте”-г үндэслэгч Павел Дуров шинээр орж иржээ. Цоо шинэ биш ч хүмүүст цочир сонин бас нэгэн эрхэм энэ удаагийн жагсаалтад орж ирсэн нь ЮКОС-ын эзэн асан Ходорковский байлаа. Цагтаа 20 шахам тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгдэн улсынхаа хамгийн баян хүнээр нэрлэгдэж байсан түүний хөрөнгийг “Forbes”-ын санхүүчид энэ удаа 500 сая ам.доллар гэж тооцон 170 дугаарт эрэмбэлсэн байна. М.Ходорковский 11 жилийн дараа жагсаалтад эргэн ирсэн нь энэ юм.
ОХУ-ын хамгийн баян бизнесмэнүүд (эзэмшдэг компани, тэрбум ам.доллараар)
1. Леонид Михельсон “Новатэк”, “Сибур” 14.4
2. Михайл Фридман “Альфа” банк, Dea, Vimpelcom, “X5 Retail group” 13.3
3. Алишер Усманов “Металлоинвест”, mail.ru, Мегафон 12.5
4. Владимир Потанин “Норильский никель” 12.1
5. Геннадий Тимченко “Новатэк”, “Россия” банк, “Сибур”, “Транс ойл” 11.4
6. Алексей Мордашов “Северсталь”, “Силовые машины” “Утконос” 10.9
7. Виктор Вексельберг “Русал”, “Ренова” 10.5
8. Владимир Лисин НЛМК, “UKL holding” 9.3
9. Вагит Алекперов “Лукойл” 8.9
10. Герман Хан “Альфа банк”, “Dea”, “Vimpelcom” “X5 Retail group” 8.7
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
ТУПИНЫ БАГЫН НАЙЗ ХИЙЛЧИН БОЛОН МАХ ЧАВЧИГЧ ХОЁР ЭНД ОРМООР ЮМ. ДАНСАНДАА ХЭДЭН МИЛЛИАРД ДООЛУУРТАЙ ХҮМҮҮС Ш ДЭЭ
Putin dahin Yronhiilogchoor songogdoj chadahgui bol Enh bayar shig avligaliin hergeer shorond oroh bolno.
Оросын хэн гэгч хэдэн тербумын орлогтой тэр нь хэнтэй хамаатай байх нь монголд ямар хамаатай юм бичих юмаа олж ядах юм