Туркийн “хар өдөр”

2016 оны 12 сарын 12

Туркийн Стамбул хотноо болсон хоёр удаагийн халдлагын хариуцлагыг “Курдистаны эрхчөлөөний шонхорууд” бүлэглэл хүлээж байна. Өнгөрөх шөнө дундаас өмнө мусульманы заншил ёсоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Турк улс эмгэнэн гашуудаж байна. Хэдэн арван амь үрэгдэгсэд, тэдний ихэнх нь цагдаагийн албан хаагчдаа сүүлчийн замд нь үдэж байна. Энэ сарын 10-ны өдөр Туркийн түүхэнд хараар бичигдэн үлдлээ. Энэ өдөр хоорондоо хэдхэн хормын зайтай хоёр дэлбэрэлт болсон юм.

Эхний дэлбэрэлт – хөлбөмбөгийн тэмцээний үеэр буюу Стамбулын “Бешикташа” баг өрсөлдөгч Бурсаг ялсан тухай тэмцээний тайлбарлагч зарлах тэр агшинд болсон билээ. Юу болж буйг хөгжөөн дэмжигчид эхэндээ огт ойлгосонгүй. Тухайн үед цэнгэлдэх хүрээлэн дотор 40 мянган үзэгчид байсан юм. Ингээд гэнэтийн эмх замбараагүй байдал үүссэн учраас цагдаа нар агаарт хий буудахад хүрчээ. Дараа нь тодруулснаар, цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд зогсож байсан машин дэлбэрсэн бөгөөд түүний хажууд цагдаагийн автобус байрлаж байсан аж.

Үүний дараахан нэг минут хүрэх үгүйтэй хугацааны хойно зэргэлдээх паркт хоёр дахь тэсрэх төхөөрөмж ажилласан байна. Энд амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн бөгөөд түүний гол зорилго нь аль болохоор олон цагдааг устгах явдал байсан бололтой.

Эдгээр халдлагуудтай холбогдуулан 13 хүнийг баривчлаад байгаа бөгөөд терроризмтэй эрс хатуу тэмцэхээ Туркийн ерөнхийлөгч илэрхийлээд байна. “Бид жуулчлалын үйл ажиллагаанд ихэд анхаарах ёстой. Бид терроризмтэй эцсээ хүртэл тэмцэх болно гэдэгт манай ард түмэн эргэлзэх ёсгүй. Тэд биднийг иймэрхүү халдлагаар айлгахыг хичээж байгаа бол бид тэдэнд хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ хатуу чанга илтгэж байна” хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top