Палестиний Ерөнхийлөгч КГБ-ийн тагнуул байжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 13

Израилийн “Channel One” телевиз Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббасыг 1980-аад оны үед ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах албаны (КГБ) тагнуул байсан талаар баримтат нэвтрүүлэг хийн олон нийтэд цацжээ. Нэвтрүүлгийг бүтээгчид баримтуудаа ОХУ-аас Их Британид олж өгсөн “Митрохины архив” гэж алдаршсан бичиг баримтууд дундаас олж авсан аж. Нууц ажилтан Василий Митрохин Их Британийн талд ажиллаж байхдаа уг баримтуудыг Их Британи руу илгээж байжээ.

Уг баримтад өгүүлснээр бол Палестииний Ерөнхийлөгч Махмуд Аббас УАХБ-ын Дамаск дахь төлөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд “Кротов” хэмээх нууц нэр ашигладаг байсан гэнэ. Тэрээр тагнуул байх үедээ эдүгээ ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан орлогч болсон Михайл Богдановтой хамтарч ажилладаг байсан гэнэ.

Энэ мэдээлэл гарсны дараа Палестиний эрх баригч ФАТХ намын албан ёсны төлөөлөгч Набиль Шаат мэдэгдэл хийж, дээрх мэдээллийг эсэргүүцжээ. Тэрээр уг мэдээллийг Москвад болох гэж буй Палестин, Израилийн хэлэлцээрийг бусниулах гэсэн зорилготой гүтгэлэг гээд “Махмуд Аббас хэзээ ч ЗХУ, УАХБ-д ажиллаж байгаагүй” гэсэн байна.  

Махмуд Аббас 1970-аад оны сүүлчээс 80-аад оны эхэн хүртэл Патрис Лумумбын нэрэмжит Москвагийн  их сургуульд суралцаж байсан нь дээрх ташаа мэдээлэл гарах шалтгаан болсон байж магадгүй ажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top