Иракийн хойд хэсгээр амьдардаг езиди хэмээх ястны талаар уншигч та хараахан дуулж сонсоогүй байж магадгүй. Курд үндэстний нэгэн салаа мөчир болох энэ ястан “Лалын улс” бүлэглэл хүчирхэгжсэнээс хойш хамгийн ихээр дарлагдан зовж байгаа юм. Лалын шашин шүтдэггүй, түүнээсээ болж Дэлхийн нэгдүгээр дайнд Хаант Оросын талд орон Османы эзэнт гүрэнтэй дайтаж байсан, хүн ам цөөтэй зэрэг шалтгаанаас болж “Лалын улс”-ын удирдагчдад нүд үзүүрлэгдэн ийнхүү зовох болжээ. “Лалын улс” бүлэглэл 2014 онд Синжар хотыг эзэлж авсныхаа дараа 1200 гаруй езиди хүнийг хоморголон устгаж, 6000 гаруйг боол болгосон юм. НҮБ тэдний энэ үйлдлийг “геноцид” буюу үндэстэн ястнаар нь хоморголон устгалт байсан гэдгийг энэ жил албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл тарчлан зовж байгаа эдгээр хөөрхийсийг энэрч, боолчлолоос чөлөөлдөг аврагч нэгэн бас байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдийг хорих лагериас чөлөөлсөн бизнесмэн Оскар Шиндлертэй агаар нэг үйл хэргийг сэдэж яваа энэ хүнийг Осман Денай гэх бөгөөд Абу Шуджаа буюу “Эр зоригийн эцэг”, “Курдын О.Шиндлер” хэмээн алдаршжээ.
-Синжар хотод болсон хэрэг явдлыг геноцид байсан гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрөөд хэдэн сар өнгөрлөө. Өөрчлөлт гарч байна уу?
-Бид энэ талаар бараг хоёр жил ярьсан. Гэвч НҮБ хөдөлж өгөөгүй. Миний бодлоор бол, “Лалын улс” бүлэглэлийнхэн л геноцид гэж юу байдгийг хамгийн сайн ойлгоно. Тэд эр, эм, хөгшин залуу гэж ялгалгүй алж хядаж, залуу охидыг боол болгодог. Харин НҮБ-ын хэн нэгэн эрх мэдэлтэн энэ талаар ярилаа гэхэд тэр нь зүгээр л хоосон үг болж үлддэг юм байна. “Лалын улс”-ынхан езидүүдийг үздэггүй. Манай эмэгтэйчүүд хэд дамжин худалдагдаж байна шүү дээ. Эхлээд нэг дарга нь худалдаж аваад хэсэг хугацааны дараа 50-100 доллар нэмээд өөр нэгэнд зарчихаж байна.
-Энэ наймаа яг яаж явагддаг юм бэ?
-Дайчид нэг том байшинд цуглаад олзлогдсон охид бүсгүйчүүдийг оруулж ирдэг. Тэдний нүүрийг нь халхалсан байна. Тэдэнд нэр ч байхгүй, нэг, хоёр гэх мэтээр дугаарласан байдаг. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үеийн концлагертай төстэй. Тэгээд яг бирж дээр байгаа юм шиг үнэ хаялцдаг. Яг л эд бараа авч байгаа юм шиг. Үнэ ханш нь тухайн боолын гадаад байдал, наснаас шалтгаалж харилцан адилгүй. Онгон бол үнэ эрс өснө. Саяхан бид 14 настай нэг охиныг чөлөөлсөн. Бүлэглэлийн дайчид түүнийг хэдэн сарын турш хорьж хүчирхийлсэн байсан. Тэд езидүүдийг тэрс үзэлтэн гэж үздэг. Тэрс үзэлтэй бүсгүйтэй хоёр сарын турш тогтмол бэлгийн харилцаанд орвол цус нь цэвэршиж, өөрсдийг нь дагана гэж итгэцгээдэг.
-Тэгээд нэг езид хүний амь ямар үнэтэй байх вэ?
-Наймаа зөвхөн “Лалын улс”-ын хяналтын бүсэд байхад бараг үнэгүй шахуу байсан. Дарга нар инээдтэй бага мөнгө төлөөд езиди боолтой болдог байлаа. Харин саудын арабчууд оролцох болсноос хойш энэ бизнест асар их мөнгө эргэлдэх болсон. Саудын Арабын нэг саятан езиди охиныг 22 мянган ам.доллараар худалдаж авсан тухай мэдээлэл саяхан гарсан. Тэрбээр охиныг хоёр сар байлгаж байгаад Ирак руу буцаасан гэсэн.
-“Лалын улс”-ын хяналтын бүсэд хичнээн езиди хүн байгаа бол. НҮБ бол 3200 орчим гэж зарласан байсан?
-Тодорхой хэлэхэд хэцүү. “Лалын улс”-ынхны гарт орохгүйн тулд амиа хорлосон олон хүн байгаа. ОХУ, АНУ, Сири, Иракийн өгсөн агаарын цохилтод өртөж бас олон хүн амиа алдсан. Гэвч бид амьд үлдсэн бүх хүнд туслахыг хичээж байна.
-“Лалын улс”-ын хяналтын бүсэд амьд нэвтрэх хэцүү шүү дээ. Гэтэл та ямар аргаар езидүүдийг авраад байна вэ?
-Хэд, хэдэн бүлэглэл зэрэг ажиллаж байж л амжилт олно. Нэг бүлэглэл нь “Лалын улс”-ын хяналтын бүсэд нууцаар үйл ажиллагаа явуулна. Тэд хаана, хэдэн езид боол байгаа гэх мэт хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулна. Нөгөө бүлэглэл нь зэр зэвсэг, унаа гээд хэрэгтэй зүйлсийг бэлддэг. Бүх зүйл бэлэн болмогц тусгай ажиллагаа явуулж боолуудыг суллаад Туркийн хил дээр аваачна. Ерөнхийдөө иймэрхүү. Заримдаа бидэнд боолчлогдож байгаа езидүүдийн төрөл төрөгсөд нь өөрсдөө мэдээлэл өгдөг. Боол өөрөө ямар нэг байдлаар утас олж аваад бидэнтэй холбогдох нь ч бий. Мэдээлэл яаж олж авах нь биш, гол нь хүмүүсийг аврах л чухал гэж бид үздэг.
-“Лалын улс” бүлэглэлийн хяналтын бүсэд ч холбоотнууд байдаг гэж ойлголоо. Тэр бүлэглэлдээ та хичнээнийг төлдөг вэ?
-Хэд ч биш. Бүгд хүн чанар дээр үндэслэдэг. Тэдний ихэнхийг нь би “Лалын улс” бүлэглэл бий болохоос ч өмнө таньдаг байсан. Мэдээж, зэр зэвсэг, унаа унашны зардлыг би төлнө. Ажиллагаанд оролцож байгаа хүмүүс бол юу ч авдаггүй. Тэд үнэндээ маш аюултай, амь дүйсэн ажил хийж байгаа хүмүс. Хоёр жилийн дотор бид 17 хүнээ алдсан.
-Танд өөрт чинь заналхийлэх тохиолдол гарч байв уу?
-Тэд бүгд намайг эчнээгээр танина. Юу хийгээд байгааг минь ч мэддэг. Утасны дугаар мэддэг болохоор заналхийлэл бол хэдэн зуун удаа ирж байсан. Хоёр ч удаа халдах гэж оролдсон. Дахукт бол би тэдний хамгийн гол байных нь нэг шүү дээ. “RT” сувгийн сэтгүүлчид миний талаар баримтат кино хийснээс хойш гэр бүлийнхэнд минь аюул заналхийлсэн учраас би тэднийгээ ОХУ, Герман руу нүүлгэсэн.
-Өнгөрсөн хугацаанд та хичнээн хүнийг боолчлолоос чөлөөлсөн бэ. Тодорхой тоо бий юу?
-Байгаа. Дөрвөн зуун гучин хоёр.
-Таны хийгээд байгаа зүйлийг “ажил” гэж бодвол энэ ажил таны амьдралыг яаж өөрчилсөн бэ?
-Би өөртөө “Хамгийн сүүлчийн боол чөлөөлөгдөх хүртэл энэ үйл хэргээ орхихгүй” гэж амлалт өгсөн. Заавал езид гэхгүй. Христ ч бай, лал ч бай “Лалын улс”-ынханд боолчлогдож байгаа л бол би туслахад бэлэн байдаг. Би гэр бүлийнхнээсээ хол байгаа. Гэхдээ хэн нэгнийг чөлөөлж, шинэ амьдрал бэлэглэх үед надад гэр бүлтэйгээ уулзсан мэт мэдрэмж төрдөг.
-Та чөлөөлсөн хүмүүсээ бүгдийг нь санадаг уу?
-Мэдээж, бүгдийг нь. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард нэг эмэгтэй бидэнд хандсан. “Лалын улс”-ынхан охин, ач охиныг нь хулгайлаад барьцаа төлөхийг шаардсан юм билээ. 10 сая ирак динар цуглуулж өгтөл дахиад өг гэж хэлсэн гэсэн. Би барьцаалсан хүнтэй нь яриад “Маргааш 20 мянган ам.доллар хил дээр ирээд аваарай” гэлээ. Дараа нь хулгайлагдсан эмэгтэйтэй холбогдож, өглөө 09.30 цагт хүнд мэдэгдэлгүй гадаа гараад ирээрэй гэж дамжуулсан юм. Дайчныг мөнгөө авахаар явсан хойгуур бид эмэгтэйг хулгайлаад маш шуурхай гэр бүлд нь хүргэж өгсөн. Тэгээд хамт байгаа зургийг нь барьцаалагч этгээд рүү явуулахад “Яаж ингэж чадав аа” гээд маш их гайхсан. Хэдэн зуун хүн чөлөөлсөн ч бүгд иймэрхүү, өөрийн гэсэн түүхтэй болохоор би тэднийг яаж мартах билээ.
-Таныг ийм ажил хийж байна гээд улсаас тусламж дэмжлэг үзүүлдэг үү. Өмнөд Курдистаны эрх баригчид “Лалын улс”-тай тэмцэхэд багагүй мөнгө зарцуулдаг, ерөнхийлөгч Барзани нь “Синжарын езидүүдэд туслахад бэлэн” гэж хэд, хэдэн удаа мэдэгдэж байсан учраас асууж байгаа юм?
-Үгүй ээ. Төрөөс бидэнд ямар ч тусламж үзүүлдэггүй. Бид тэднээс зэвсэг ч, мөнгө ч авч байсан удаагүй.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Dehai mundag hun yumaa.Baharhaj bna.
yasan saihan setgel ve. sain uils delgereg
Mash sain, Denai. bidend ch iim hun heregtei bna. Hazara nartaa tuslah yumsan.