Энэ сарын 19-нд Туркийн Анкара хотод нээлтээ хийсэн нэгэн үзэсгэлэнгийн үеэр ОХУ-аас Турк улсад суух Элчин Сайд Андрей Карлов буудуулж, амиа алдсан хэрэг гарсан билээ.
ОХУ-ын Элчин Сайдыг хөнөөсөн хэрэг хоёр орны харилцааг албаар муутгах гэсэн хорт явуулга хэмээн зарим албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл өнөө өглөө өөрийн улсын Элчин Сайдын амиа алдсан хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр “Хүндэт нөхрийнхөө ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Карлов Андрей Геннадьевич маш сайн элчин бас Туркийн удирдлагуудтай маш сайн харилцаатай байж, асар их хүндлэл хүлээсэн тийм л ухаалаг хүн байлаа.
Намар намайг Туркд айлчлах үеэр дэргэд минь бараа болж байв. Саяын гэмт хэрэг бол яах аргагүй Орос-Туркийн харилцааны тогтворжилтын эсрэг, Сирид болж буй энхийг сахиулах үйл ажиллагааны эсрэг явуулж буй өдөөн хатгалга байлаа. Терроризмтой хийх тэмцлээ улам хүчирхэгжүүлэх гэсэн ганцхан л сонголт байна. Оросын Холбооны Мөрдөх Товчоо энэ хэрэг дээр эрүү үүсгэсэн.
Туркийн талтай хамтарч хэргийг мөрдөх тушаалаа тэд авсан. Энэ талаар дөнгөж сая Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж тохирлоо. Аллагын цаана хэн байгааг бид мэдэх ёстой. ОХУ дахь Турк болон бусад улсын элч төлөөлөгчийн газруудын харуул хамгаалалтын хүчийг зузаатгах шаардлагатай байна. Мөн Дипломат харилцааны олон улсын концепцийн дагуу ОХУ-ын элч төлөөлөгч нарын аюулгүй байдлыг хангана гэсэн баталгааг Туркийн талаас авах зайлшгүй шаардлагатай байна” хэмээсэн юм
Эх сурвалж: Риа Новости
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл ( 0 )