Туркийн Ерөнхийлөгч Европын зөвлөл рүү хаягласан хатуу үг чулуудах нь эрс олширчээ. Хэдхэн сарын өмнө тэр Европын холбоонд элсэх горьдлого тээж, Брюсселиэс дуудлага хүлээж байсан. Харин одоо “Аллага хядлагыг өөгшүүлж байна” хэмээн буруутгах болов. Тэрээр үндэсний телевизийн эфирээр мэдэгдэл хийхдээ “Курдын ажилчдын намаас хурааж авсан зэр зэвсэг Европын холбооны орнуудаас нийлүүлэгдсэн байсан. Барууныхан манай улсад сайн зүйл нэгийг ч хийгээгүй. Турк улс Европыг хаалгаа нээхийг нь 53 жил гадна нь хүлээж зогслоо. Одоо юуг нь хүлээх юм бэ” гэж мэдэгдсэн нь ажиглагчдыг “Р.Т.Эрдоган гадаад бодлогоо эрс өөрчилж, Европын холбооноос нэгмөсөн зайгаа авах гэж байна” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн бол маргааш нь ОХУ-тай батлан хамгаалах цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон нь таамгийг улам батжуулсан юм.
Р.Т.Эрдоган Европын холбооны хоорондын үл ойлголцол өнгөрсөн зургадугаар сард болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогоос болсон гэдэг нь тодорхой. Төрийн эргэлт хийгчдийг Р.Т.Эрдоган хатуу чанга гэсгээн цээрлүүлж, хилийн чанадад гарсан ч холбоо сүлбээгээ ашиглан хойноос нь мөрдөж, гэсгээн цээрлүүлж байсан. Гэтэл Германд зугтан гарсан тэрслэгчдийг А.Меркелийн засаг захиргаа шилжүүлж өгөхөөс татгалзжээ. Энэ нь Р.Т.Эрдоганы уурыг маш ихээр хүргэж “Германы баримталж байгаа байр суурь бидний сэтгэлийг зөвхөн түгшээгээд зогсохгүй айдаст автуулж байна” гэсэн өгүүлбэр хэлэхэд хүргэжээ.
Бослого дарагдаад таван сар гаруй хугацаа өнгөрч байхад Р.Т.Эрдоган тэрслэгчдийг гэсгээн цээрлүүлэх ажлаа улам бүр өргөн далайцтай үргэлжлүүлсээр байгаа юм. Тухайлбал, Турк дахь провайдерууд Facebook, Twitter, Youtube, WhatsApp мессенжер гэх зэрэг олон нийтийн сүлжээг хааж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэх болсон. Түүнд “Зургадугаар сарын төрийн эргэлтэд буруутгагдаж баривчлагдсан Парламентын 11 гишүүний баривчилгаатай холбоотой мэдээллийг газар авахуулахгүйн тулд ийм алхам хийсэн” гэж дурдсан байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Zuv