Ж.Ганбаатар нарын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 27

Энэ сарын 22-нд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг З.Нарантуяа нарын хамт санаачилан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэний дагуу Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барижээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ “2016 оны 12 дугаар сарын 31 гэхэд  Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлсөн хугацаа дуусаж байгаа. Үүнийг 2018 он хүртэл сунгаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг нь гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа. Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэдийн бизнес хийх боломж нь бүрдэж өгнө гэж ойлгож болно. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, дагаад бүтээн байгуулалт ихсэнэ. Тэгэхээр улсын төсөв дан ганц уул уурхайгаас хамааралтай байхаа болино гэж бид үзэж байгаа.

Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан хууль хэрэгжиж эхэлснээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсөн хууль болох юм. Мөн Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаагийн үр дүнд иргэдийн бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар экспортлох сонирхол өсөх бөгөөд чөлөөлөлтөнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж 20-30 хувь нэмэгдэх аж.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зосин(122.201.24.126) 2025 оны 03 сарын 13

ЗОВЛОНЬҮЗСЭН хүн гэж энэ хүн л манийхаа зовлонг ойлгох юм даа

1  |  0
Top