Онгоцны сүйрлийг нүдээр харсан гэрч энэ талаар ярьжээ

2016 оны 12 сарын 27

Адлерын нисэх буудлаас хөөрсний дараахан удалгүй Хар далайд унаж сүйрсэн Оросын цэргийн нисэх хүчний Ту-154 онгоцны ослын нэг шалтгаан нь нислэгийг жолоодох үед гарсан алдаанаас үүдсэн байх магадлалтайг шалгах явцад тогтоосон бололтой.  Энэ дүгнэлтийг онгоц унах үед харж байсан нэгэн гэрчийн ярианаас таамагласан аж.

Уг эмгэнэлт явдлын цор ганц гэрч нь Оросын хилийн цэргийн эргийн хамгаалалтын ажилтан байсан бөгөөд тэрээр тухайн үед Сочи хавийн усан бүсэд завиар явж байгаад онгоц сүйрэхийг нүдээр харсан байна. Түүний өгүүлснээр, онгоц усны мандал дээр буулт хийх гэж байгаа мэт далайн гадаргуу руу хурдтай доошилж эхэлсэн гэнэ. Уг онгоцны нислэгийн хэлбэр түүнийг гайхашруулсан байна. Онгоцны хошуу хэсэг дээшээ цоройсон байсныг хойд дугуйн дээрээ боссон мотоциклтэй зүйрлэж байсан аж. Хормын төдийд онгоц сүүлээрээ далайн гадаргууг цохин хугарч, усанд тэр дороо живжээ.

Урьдчилсан байдлаас харахад, онгоц хөөрөхдөө хэт ачааллын улмаас хурдаа алдаж, дээшээ өндрөө авахын оронд далай руу доошлуулсан байж болох бөгөөд нүдээр харсан хүний яриатай уялдуулж дүгнэхэд, онгоцны нисэх багийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хүчин зүйл осолд нөлөөлсөн байж болох талтай гэнэ. 345 км/цаг хурдтай хөөрсөн онгоц өндрөө авч эхэлсэн хэдий ч хэдхэн хормын дараа хурдаа алдсан байна. Энэ нь онгоцыг хэт эрчимтэй өндөрт хөөргөх гэсэн нисэгч нарын алдаатай үйлдлээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Мөн хэт ачаалал, ачаа тээшний тэнцвэртэй бус байдал гээд техникийн хүчин зүйлс ч нөлөөлсөн байх магадлалтай юм байна.

Гэвч онгоцны хар хайрцаг, амь үрэгдэгсдийн цогцос, сүйрсэн онгоцны хэсгүүдийг нарийн нягт судалсны дараа эцсийн дүгнэлт гарах аж.  

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top