С.Зориг агсныг хэн хөнөөв. Энэ асуултын хариултыг өнөөдөр Монголын шүүх хурал гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар ял оноов.
Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм. Тэгвэл дээр нэр дурдагдсан гурван хүний тухай мэдээллийг товчхон хүргэе.
Ц.Амгаланбаатар:

Орхон аймгийн харьяат, 35 настай Ц.Амгаланбаатарын хувьд хүн амины хэргээр шоронд ялаа эдэлж буй этгээд юм. Тэрбээр шоронд байх хугацаандаа өөрийгөө "С.Зоригийг алсан" хэмээн мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн аж. Түүний хувьд хэрэг гардаг үед буюу 1998 онд 17 настай байсан бөгөөд айлын өргөмөл хүүхэд юм байна.
Б.Содномдаржаа:

Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа. Түүний ээж П.Жавзмаа " Миний хүү Содномдаржаа 461 дүгээр ангид хоригдсоноос хойш нэг жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул хүн. Би нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан. С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан. Тодорхой ярья. 2014 оны хагасаас миний хүүгийн утсанд мессеж ирдэг болсон. “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй. Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байгаа. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байна.
Харин тэр Амгаланбаатар гэдэг хүүгийнхтэй манайх хамар хашаанд байсан. Амгаланбаатарыг арав гаруй настай байхад нь манайх нүүсэн. Мэдэхгүй юм даа, Амгаланбаатар гэж хүн манай хүүд өс хонзон санадаг бололтой. “Чамайг шоронгоос гараад ална. Танайхыг шатаана” гэх мэтчилэнгээр мессеж ирүүлдэг байсан. Энэ хугацаанд би хууль, хяналтын байгууллага, УИХ-ын гишүүдэд нийтдээ 51 удаа захидал бичсэн. Олигтой хариу өгдөггүй. “Шалгаж байна. Танай хүүг суллах болоогүй. Шалгаж байгаа” гэдэг л хариу хэлдэг" хэмээн ярьж байв.
Т.Чимгээ:

Түүний хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж. Түүнийг Б.Содномдаржаагийн нэгэн адилаар гүтгүүлсэн гэх мэдэгдлийг ар гэрээс нь хийгээд байгаа юм. Энэ талаар түүний ээж Ц.Маруш: “Ц.Амгаланбаатар бол манай ойрын төрөл хүн. Эгчийгээ эргэж ирсэнгүй гэж өс санан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт барьж өгсөн. Охин маань ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Гэтэл Ш.Отгонбилэг агсны тогооч болгочихсон, бас огт танихгүй Содномдаржаа гэх хүнийг холбож, малчин нь болгочихсон байгаа юм. Чимгээ маань С.Зориг агсныг амиа алдах үед Дорноговь аймагт нялх биетэй байсан” гэж ярьсан.
Мөн түүний ах Т.Хүдэрбат :Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү мессеж бичдэг болсон юм билээ. Дарамталсан мессежүүд их ирүүлдэг. Уг нь тэрийг тоодоггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд тухайн үед бага насны гурван хүүхэдтэй байсан. Гэтэл тийм хүн тийм хэрэг хийгээд явж байх уу?" гэж мэдээлж байв.
Сэтгүүлчийн дүгнэлт:
Ийнхүү С.Зориг агсны амь насыг малчин, тогооч, хүн амины хэрэгт ял эдэлж буй гурван этгээдхөнөөсөн гэж үзэн шүүхээс 24-25 жилийн ял сонсгов. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамаарч энэ хэргийн "Захиалагч" хэн бэ гэдэг нь сонин байгаа юм. Яаж бодсон ч энгийн нэг гурван этгээдэд С.Зориг агсны амийг хөнөөх сэдэл төрнө гэдэг үнэмшилгүй. Үүний цаана энэ хэргийг захиалсан жинхэнэ этгээд байгаа нь тодорхой юм. Чухам тэрхүү этгээдийг ил болгосон цагт л энэ хэргийн "Эзэн тодорлоо" гэж ойлгох учиртай. Тиймээс шүүхээс "С.Зориг агсны амийг хэн бүрэлгэсэн" гэдгээс илүүтэй "С.Зориг агсны амийг егүүтгэх санааг хэн гаргасан бэ" гэдгийг л тогтоох нь чухал байна.
Хэвлэлээс харвал шүүхийн шийдвэрт, захиалгаар гэж тодотгосон бололтой. Захиалгаар гэдгийг нь үнэхээр тогтоосон юм бол, захиалагчийг нь бас тогтоосон л байх нь энгийн логик. Тэгвэл захиалагч нь хэн бэ. Улсын нууц уу?. Хэрвээ энэ хэргийн учгийг, эзнийг үнэхээр олсон л юм бол тэр захиалагчийг зарлах ёстой. Захиалагч гэж хардагдсан, тогтоогдсон тал ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйг нотлох эрхтэй. Тэр дуу хоолойг нийгэм сонсмоор байна. Гэмт хэрэгтнийг яллах нь шударга ёс ч, гэмт хэрэгтнүүдээ яг олсон байх нь хамгийн чухал бөгөөд жинхэнэ шударга ёс.
С.Баяр
Эх сурвалж: Criminal.mn
Сэтгэгдэл ( 3 )
Хэн нэгэн ”тэр хүн алсан” гээд гүтгээдэхээр ”тэгсэн байна” гээд хэдэн арван жилийн ял оноочихдог хууль шүүхийнхэн байхгүй нь тодорхой. Хуулийнхан баталгаатай баримт атгаж авсан нь ойлгомжтой боллоо.