Баяжуулах хүнсний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 12 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нар “Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлэв.

Нийт ард иргэдийн аюулгүй, эрүүл, физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц шимт, тэжээллэг хүнсээр хангах зорилгоор “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслийг боловсруулснаа УИХ-ын гишүүн А.Ундраа онцоллоо.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүн гарна:

- Шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх боломжтой.

- Хүнс баяжуулах үйлдвэрлэл эрхлэх, баяжуулсан хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, шошгожуулах, хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох, экспортлохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бий болно.

- Баяжуулсан хүнсийг баталгаажуулан бүртгэж, тусгайлсан шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлэх тогтолцоо бүрдэнэ.

- Хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой.

- Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораториар хүнсний баяжуулалт, агуулгыг тодорхойлдог болсноор хэрэглэгчид, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж чанарын баталгаатай хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлнэ.

- Дотоодын хүнсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчид, лабораториуд техникийн шинэчлэл хийж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болно хууль санаачлагчид үзэж байна.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох эдийн засгийн ач холбогдолтой юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лут(202.9.43.202) 2025 оны 03 сарын 13

Уг нь зүйтэй асуудал. Харин баталгаажуулах лабортори гэж ямар юм байх бол. Хэдэн бөхийнхаэ допинг хэрэглэсэн эсэхийг шалгаж чадахгүй байгаа юм чинь.

1  |  0
Top