Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулахыг дэмжиж байгаа

2017 оны 01 сарын 04

Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх зургадугаар  сард болох Ерөн­хийлөгчийн сонгуулийг бие даасан тусдаа хуулиар зохион байгуулах санал гаргасан. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.  Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй таван гишүүн санаачилсан. Төслийн танилцуулгыг Н.Энхболд дарга хийлээ. Тэрбээр өнгөрсөн онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар УИХ, Ерөнхийлөгч, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулах болсон. Сонгууль бүр өөрийн гэсэн онцлогтой. Гэвч өнгөрсөн сонгуулийн үйл явцаас тус бүрд тусгайлсан зохицуулалт шаардлагатай болох нь харагдсан гэдгийг дурдсан. Тиймээс хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж боловсруулсан. Олон намын төлөөлөлтэй УИХ байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон хэмээн танилцуулсан юм. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ.   Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуусан юм.

 

О.Баасанхүү:

-Хуулиараа УИХ-д суудал бүхий нам Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ парламентад төлөөлөлтэй МАН, АН, МАХН гэсэн гурван нам байгаа. Хуралдаанд АН-ын төлөөлөл байхгүй байна. Тэдний төлөөллийг оруулан Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Хэрвээ АН-аас орж ирэхгүй бол миний бие энэ хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Нэг тал дангаараа хуулийн төслөө хэлэлцэж шийдвэрлэх хардлага төрсөн. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах саналтай байна. АН-ынхан хуулийн төслийг хүлээж аваагүй, уншиж танилцаагүй учраас хэлэлцэх боломжгүй гэдгээ хэлсэн. АН-ын байр суурь ойлгомжгүй байна. Гурван нам хамтарч хэлэлцвэл ямар вэ?

 

Н.Энхболд:

-Манай Байнгын хороонд АН-ын бүлгээс Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар байдаг. Тэд албан ёсоор чөлөө авсан байна. Ерөнхий­лөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг нь АН-ын гишүүн З.Нарантуяа. Тэгэхээр өргөн барихдаа намын бүлэг дээрээ тодор­хой санал солилцсон болов уу. Цаг нь тулсан асуудал учраас хойш­луулах шаард­лагагүй. Цаашдын хэлэлцүүлгүүдэд АН-ын гишүүд оролцох боломжтой.

 

О.Баасанхүү:

-Сонгуулийн хуульд тусгасан заалтууд бол тогтолцооны томоохон асуудал. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр миний бие хуралдааныг орхин гарч байна. Танай нам дангаараа энэ асуудлыг шийд.

 

Д.Лүндээжанцан:

-Өмнөх УИХ-ын үед Сонгуулийн нэгдсэн хуулийг нэлээдгүй ажиллаж байж гаргасан. Тухайн үед  миний бие гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь хүндрэл үүснэ гэж шүүмжилж байсан. Одоо ингээд гишүүд өөрчлөхөөр төсөл оруулж ирлээ. Сонгуулийн ерөнхий хорооны байр суурийг  сонсмоор байна. УИХ-д суудалтай хоёр гол намын төлөөлөл оржээ. О.Баасанхүү гишүүн ороогүй байна. Тэгэхээр өмнөх УИХ-ын үед багагүй хөдөлмөр зарцуулж хийсэн хуулийн гол санааг 65 гишүүнтэй болсон МАН уг үндсээр нь өөрчилж орж ирсэн зүйл байна уу.

 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

-Сонгуулийн  нэгдсэн хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед бид саналаа өгч, дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Сонгуулийн ерөнхий хороо тэр байр суурин дээрээ байгаа. Хууль нь тус тусдаа байх нь зүйтэй. Цаашид тус тусад нь нэмэлт өөрчлөлт оруулах замаар боловсронгуй болгох саналыг хэлж байгаа. Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгох журмыг хуулиар тогтооно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тус тусад нь хуулиар зохицуулах заалттай. Энэ орж ирж буй төсөл дээр Сонгуулийн ерөнхий хороо ажилласан, саналаа өгсөн. Энэ төслөөр өмнөх хуулийн орхигдуулсан заалтуудыг засаж, сайжруулсан гэж үзэж байна. 2012 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн үндсэн үзэл санааг алдагдуулаагүй. Сайжруулах заалтуудыг тусгасан. Жишээлбэл, сонгогчдын бүртгэлийн судалгаанд хилийн цэргийг орхисон байдаг. Үүнийг нэмж өгсөн.

 

Б.Жавхлан:

-Чухал хууль орж ирлээ. Хуулийн үзэл баримтлалыг үндсэнд нь дэмжиж байгаа. Сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлд аудитын дээд байгууллага болон орон нутгийн газар хяналт хийх дүгнэлт гаргана гэж тусгасан байна. Энэ заалтыг хэвээр хадгалах уу. Өнгөрсөн сонгуулиар харж байхад, орон нутгийн аудитын байгууллагууд сайн ажиллах шаард­лагатай нь харагдсан. Зөвхөн Аудитын ерөнхий газар хяналт тавихад боломжгүй. Том цоорхой гардаг учраас шат шатандаа хяналт тавьж ажиллах нь чухал юм билээ.

 

Н.Энхболд:

-Энэ шинээр оруулсан заалт. Өмнөх хуулиар зөвхөн гүйцэтгэлд хяналт тавина гэж байдаг бол энэ удаад төлөвлөлт гэдгийг нэмж оруулсан. Бүх шатны байгууллага нь хяналт тавихаар оруулсан. Эхлээд юунд зарцуулахыг нь хянана. Дараа нь төлөвлөсөн зүйлдээ зарцуулсан эсэхийг гүйцэтгэлтэй тулгахгүй бол өмнөх сонгуулиар буруу зарцуулсан тохиолдол гарч байсан. Энэ бол байж болохгүй зүйл. Хууль санаачлагчдын зүгээс энэ чигээр нь батална гэж харж байна.

Ийнхүү гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг  бие даасан хуулиар зохион байгуулахыг дэмжиж байлаа. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон. Дараа нь Б.Ундармаа, Н.Энхболд нарын дөрвөн гишүүн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг мөн дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top