Ардчилсан намын даргын сонгууль энэ сарын 28-нд болно.
Харин санал өгөх гишүүдийн бүртгэл маргааш буюу 6-нд хаагдах билээ. 160 гаруй мянган гишүүнтэй энэ намын хувьд даргын сунгаанд санал өгөх гишүүд нь ердөө 18000 байгаа тухай УИХ-ын гишүүн асан М.Батчимэг мэдээллээ.
Учир нь даргын сунгаанд санал өгөхийн тулд гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой. Харин маргаашаар гишүүдийн бүртгэл дуусч, 18 мянган гишүүний саналаар Ардчилсан намын дарга сонгогдохоор болжээ.
Үүнийг шударга бус гэж үзээд гишүүдийн бүртгэлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтээ УИХ-ын гишүүн асан М.Батчимэг энэ сарын 4-нд намын дарга З.Энхболдод хүргүүлжээ.
Тэрбээр “Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо нэгдүгээр сарын 3-ны байдлаар дөнгөж 18.000 давж байна. Ардчилсан намын шинэчлэл, бүх шатны сонгуульд гишүүдийн оролцоо хамгийн чухал. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт байгаа намын гишүүддээ сонгох эрхээ эдлэх боломжийг нь олгохын тулд гишүүдийн бүртгэлийн хугацааг сунгах шаардлагыг намын удирдлагад хүргүүллээ. Хөдөө орон нутгаас олон гишүүд мөн ийм байр суурь илэрхийлж, уламжилж өгөхийг биднээс хүссэн. Намын удирдлага гишүүдийнхээ хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж шийдвэрлэнэ гэж найдаж байна” хэмээн өөрийн цахим худаснаа бичжээ.
Хэрэв Ардчилсан намын дарга З.Энхболд намын гишүүд, дэмжигчдийнхээ саналыг хүлээж авбал намын даргын сунгаа хойшлогдох магадлалтай юм. Ингэснээр Ардчилсан намын даргыг сонгох сонгууль илүү шударга болно хэмээн олон нийт үзэж байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
ЭРДЭНЭТИЙН АН-ыг бусниулсан АВГАЙ ГАЙ БОЛОХОО БОЛЬ...