Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригагсны амь насыг бүрэлгэсэн хэргийг өнгөрсөн сарын 27-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тус шүүхээс хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар, шунахайн сэдэлтээр, онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзэж, 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Гэвч 18 жилийн турш эрэн сурвалжилж, тусгай ажиллагаа хийж, мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилсэн уг хэргийн захиалагчийг уг шүүх хурлаар тогтоож, ял ногдуулж чадаагүй юм. Тиймээс олон нийтийн зүгээс болон хохирогчийн ар гэрийнхэн шүүх, прокурор, цагдаа, тагнуулынхнаас “Энэ хэргийн захиалагч хэн байсан бэ” гэх асуултыг өнгөрсөн өдрүүдэд нэхсэн. Тэгвэл С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын хэргийг С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн захиалагчийн хэргээс тусгаарласан тухай мэдээлэл өчигдөр цацагдлаа.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Эдгээр хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд магадгүй гүйцэтгэгчээс илүүтэй олны сонирхлыг татаж ирсэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөх захиалга өгсөн этгээдийг олж илрүүлэх, ил болгох, ял ногдуулах Ажлын хэсэг анх удаа томилогдлоо.
Үүнтэй зэрэгцэн энэ аллагын захиалагч хэн байж болох тухай олон арван таамаг сошиал ертөнцөд хүчтэй өрнөж эхэлсэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг анх УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийн малчин, тогооч байсан. Энэ хэргийг Ш.Отгонбилэг агсан захиалсан гэх мэдээлэл, яриа өнгөрсөн 2015 оны сүүлчээр өрнөсөн ч тэгсхийгээд намжсан. Үүнтэй холбоотойгоор Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг хоёр ч удаа хувийн твийтер хуудсаараа дамжуулан дээрх мэдээллийг үгүйсгэсэн билээ. Харин өчигдөр албаны эх сурвалж “Захиалагчийг аль эрт илрүүлсэн. Төрийн нууцтай хамаарах хэрэг учраас маш нууцын зэрэглэлд шалгаж байгаа. Тийм ч учраас хэргийг нь тусгаарлаж байгаа юм” гэв. Өөр нэгэн эх сурвалж “2015 оны арваннэгдүгээр сараас хойш С.Зориг агсны эхнэр Б.Булганыг түүний үхэлтэй холбоотойгоор барьж удаан хугацаанд саатуулсан нь үнэндээ гэрчийг хамгаалах үүднээс хийгдсэн ажиллагаа. Түүнийг өнгөрсөн шүүх хурлаар С.Зоригийн хэрэгт холбогдолгүй хэмээн хуралд оруулаагүйд учир бий” гэсэн юм. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, учир мэдэх хүмүүс “Захиалагч нь гаднын орон руу оргон зайлсан, аль эрт нас барсан” гэх мэт таамаг дэвшүүлсээр байгаа юм.
Б.Энхмарт


Сэтгэгдэл ( 4 )
ерөнхий сайд болох гэж байсан хүнийг үгүй хийх нь оронд нь ерөнхий сайд болсон л ашигтай
Алан хядагчдыг чухам яагаад ингэтлээ өмөөрнө вэ.Эсвэл захиалагчийн талын хүмүүс коммент бичээд байна уу.Үүнд нэг учир бий.
Хэний захиалгаар энэ хэргийг эдгээр хүмүүс үйлдсэн бэ гэдэг чинь энэ хэргийн гол учиг нь баймаар юм. Гэтэл хэрэгтнүүдээ яллачихаад одоо захиалагчийг нь олох юм гэнээ хэхэхэ. Хогийн дэглэлттэй эмгэнэлт хошин жүжгийг үзсээр ой гутчихлаа
Гүйцэтгэгч гээд 3 нөхрийг ялалчихсан тэхээр захиалагчийг олох амархан биз дээ