Энэ сарын 8-ны өдөр буюу ням гаригт Рига хотноо Шерлок Холмсын төрсөн өдрийг өргөнөөр тэмдэглэсэн байна. Ноёд, хатагтай нар, Холмс, Ватсон нарын “ихрүүд”, мөн Артур Конан Дойлын бусад номын баатрууд Латвийн нийслэл дундуур баярын жагсаалаар явжээ. Уг арга хэмжээ Верманскийн цэцэрлэгт хүрээлэнгийн эстрадын дэргэд өндөрлөсөн аж.
Рига хот 2012 оноос хойш Холмсын төрсөн өдрийг уламжлал болгон тэмдэглэж байгаа билээ. Энэхүү баярыг зохион байгуулах санаачлагыг Рига хотын Дум дэмжсэн юм. Найруулагч Игорь Масленниковын “Шерлок Холмс ба доктор Ватсоны адал явдал” алдарт киноны зураг авалт энэ хотод болсон учраас төрсөн өдрийн баярыг тэмдэглэх газраар сонгогдсон байна.
Зохиолч Артур Конан Дойл нэрт мөрдөгч Шерлок Холмсыг хэзээ мэндэлснийг зохиолдоо тодорхой дурдаагүй учраас уг бүтээлийн судлаачид хэд хэдэн хувилбарыг гаргаж ирж байжээ. Номын үйл явдлууд дээр үндэслэн судлаач Натан Бэгис алдартай мөрдөгч эрийг нэгдүгээр сарын 6-нд төрсөн хэмээн таамагласан нь олны дэмжлэгийг ихээр авсан байна. Харин түүний төрсөн оныг 1854 гэж багцаалдаад байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )